Э.Солонго: Дотоодын аялагчид говь нутгаар аялах сонирхолгүй байна

Э.Солонго: Дотоодын аялагчид говь нутгаар аялах сонирхолгүй байна

Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил Монголд ирэх гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбар ихээхэн алдагдал хүлээгээд байгаа билээ.

Ойролцоогоор 1600 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд бүтэн жилийн хугацаанд хэсэгчлэн болон бүтнээр үйл ажиллагаагаа зогсоож, улмаар хаалгаа барьсан тохиолдол ч цөөнгүй байна. Тэгвэл энэ асуудлаар бид аж, ахуй нэгжүүдийн төлөөлөл болгож Дундговь аймгийн “Бага газрын чулуу” жуулчны баазын захирал Э.Солонготой холбогдон дараах тодруулгыг авлаа. 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад жуулчны баазынхаа талаар товч мэдээлэл өгөөч. "Бага газрын чулуу" жуулчны бааз хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэв?

-Манай жуулчны бааз Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутагт орших Бага газрын чулууны бүсэд байрладаг. 2003 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Дунд нь нэг ч удаа үйл ажиллагаагаа зогсоож байсан удаагүй. Харин энэ жил дотоодод коронавирус тархаж, удаа дараа хөл хорио тавьснаас иргэд өөрт ойр хөнгөн гэх утгаараа баруун бүс рүү түгээмэл явсан. Харин манайх ихэвчлэн гадаад жуулчид хүлээж авдаг. Гэвч хил хаасны улмаас их хэмжээний хүлээж энэ жилийн хувьд өнжихөөс өөр сонголт байсангүй ээ.

-Яагаад гадаад жуулчид гэж? Дотоодын аялагчдаа бас хүлээж авах боломжгүй байсан уу?

-Манай дотоодын аялагчид улсынхаа баруун хэсгээр аялж, амрах илүү сонирхолтой байдаг юм шиг санагддаг. Мэдээж манай аймагт байгалийн үзэсгэлэнт, сайхан газрууд их бий. Их газрын чулуу, бага газрын чулуу хоёроороо их алдартай шүү дээ. Байгалийн үзэсгэлэнт газар байрладаг тул явган болон мориор аялал хийхэд нэн тохиромжтой. Гэвч жил бүрийн наадмын амралт, зуны улиралд дотоодын жуулчид ирэх нь цөөн байдаг. 

-Танай жуулчны бааз нийт хэдэн ажилтантай вэ? Ажлын байраа хэрхэн зохицуулж байна?

-Жуулчны баазаа нөхөр бид хоёр л ажиллуулдаг юм. Манайх 15 орчим ажилтантай. Зарим ажилчдаа аймгийн төвөөс авчирдаг бол заримыг нь Улаанбаатараас ч авчирж, ажиллуулдаг. Өнгөрсөн жил бол гадаад жуулчид бага байсан учраас зарлагаа ч нөхөж чадаагүй. Тиймээс ажилчдаа энэ жил амрааж, үйл ажиллагаагаа нээгээгүй.

-Дотоодын жуулчид бага ирдэг нэг шалтгаан нь газарзүйн байрлалтай холбоотой юу. Тодруулбал, аймгийн төвөөсөө хол зайтай байдаг нь нөлөөлдөг үү?

-Манай жуулчны бааз яг Бага чулууныхаа хажууханд байрладаг. Улаанбаатараас 570 км, аймгийн төвөөсөө 70км-ийн зайтай. Томоохон амралт, жуулчны баазуудтай харьцуулахад жижиг хэдий ч бид чадлаараа үйлчлүүлэгчдэдээ сайхан байгалийг харуулж, ая тухтай амруулахыг л боддог. 

Засгийн газраас эдгээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж өгдөггүй нь харамсалтай. Бор зүрхээрээ л бүгд ажиллаж байна. Хаагдах нь хаагдаж байна. Саяхан гэхэд л манай хажууханд байдаг амралтын газар “Зарна” гэсэн зар тавьсан байсан. Тэр хавьд өөр гурван ч жуулчны бааз байдаг юм. Бүгд л дор дороо хичээж байсан ч улирлын чанартай орлого олдог учир хүндрэлтэй байна. 

-Гадаад жуулчдыг авчирхад гардаг хүндрэлүүдээс дурдаач. Танайх гадаадын компаниудтай холбогдож жуулчдаа татдаг уу?

-Гадаадын жуулчдын хувьд Монголийн говь их сонирхолтой санагддаг . Манай Монгол хаана ч хүний нүд баясгам сайхан байгальтай газар. Одоогоор гадаадын жуулчдыг зуулчилдаг компаниудтай хамтарч ажиллахгүй байгаа. Хамгийн гол нь тухайн аялагчийг ирэхэд нь ая тухтай амрааж, сэтгэл ханамж сайтай үдэж өгвөл дараа дараагийн жуулчдын амрах үүд хаалга нээгддэг гэж боддог юм. Мөн баруун зүг рүү, ой мод, уул устай газрыг зорих нь өөрийн дур учраас хааяа буруу бизнесээ эрхлээд байна уу даа гэсэн бодол ч төрдөг юм.