У.Хүрэлсүх: "Төрийн минь сүлд өршөө" хэмээн сүсэглэдэг уламжлал өвлөгдөн ирсэн нь Монголчууд төрт ёсны ямар агуу уламжлалтайг гэрчилнэ

У.Хүрэлсүх: "Төрийн минь сүлд өршөө" хэмээн сүсэглэдэг уламжлал өвлөгдөн ирсэн нь Монголчууд төрт ёсны ямар агуу уламжлалтайг гэрчилнэ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо. Эрхэм генерал, оффицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа, Улс орныхоо аюулгүй байдлыг хангах хариуцлагатай үйл хэрэгт эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, та бүхэнд болон нийт зочиддоо Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын төрийн далбааны өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёсоо хүндлэн дээдэлж, төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн туг, сүлдэндээ сүсэглэн залбирдаг манай ард түмэн Үндэсний их баяр наадмынхаа босгон дээл алтан соёмбот төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт цэнгүүлэн мандуулж, Төрийн далбааны өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Энэхүү төрийн ёслолын гол учир нь туурга тусгаар улсын эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, монгол түмний баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон алтан соёмбот далбаагаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлын ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд оршдог юм. Монгол хүн бүр язгуур түүх, үндэс угсаа, эх хэл, зан заншил, өв соёл, түүхэн уламжлал, төрт ёсоо үеийн үед эрхэмлэн дээдэлж, бахархан хүндэтгэж байх нь Монгол үндэстэн өнө мөнхөд оршин байхын үндэс суурь юм.

Бидний өвөг дээдсийн "төрийн минь сүлд өршөө" хэмээн залбирч сүсэглэж ирсэн сайхан уламжлал одоо ч бидний үед өвлөгдөн ирсэн нь Монголчууд бид төрт ёсны ямар агуу баялаг уламжлалтай вэ гэдгийг бэлхэн гэрчилнэ. 2009 оноос жил бүр уламжлан зохион байгуулж ирсэн энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангах, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болон зохион байгуулагдаж байна.

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Монгол улсын төрийн далбааны энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмний амар амгалан аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, төр ард түмэндээ, ёслолын жагсаалдаа жигдрэн жагссан байна. Баярын энэ өдөр эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн эх орончид, ахмад дайчид болон энхийг сахиулагч нартаа гүн талархал илэрхийлье. Туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улс өнө мөнхөд мадан бадрахын бэлгэдэл төрийн далбааны өдрийн мэндийг дахин хүргэж, цог хийморь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ.