ЦЕГ, АТГ-ын удирдлагуудад Хэнтий аймгийн гаралтай хүмүүс ТОМИЛОГДЖЭЭ

ЦЕГ, АТГ-ын удирдлагуудад Хэнтий аймгийн гаралтай хүмүүс ТОМИЛОГДЖЭЭ

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг санал болгож байна. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилдог. Харин Цагдаагийн төв байгууллага /ЦЕГ/-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлдөг байна.

-ЦЕГ, АТГ-ЫН УДИРДЛАГУУДЫГ ХЭНТИЙ АЙМГИЙН ГАРАЛТАЙ ХҮМҮҮСЭЭР ТОМИЛЖЭЭ-

Тэгвэл хууль хүчний байгууллагын зарим удирдлагуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн тойрог, төрж өссөн нутаг болох Хэнтий аймгийн гаралтай хүмүүсээс томилогдсон байна.

Тодруулбал, АТГ-ын дарга З.Дашдаваа Хэнтий аймгийн харьяат бөгөөд ажлын гараагаа 1995-1996 оны хугацаанд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр эхлүүлж байжээ. Харин ЦЕГ-ын дарга Ж.Болд 1976 онд Хэнтий аймагт төрсөн байна. Тэрээр ажлын гараагаа 1996-2001 онд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар эхлүүлж байжээ. Мөн ЦЕГ-ын даргын албан тушаалд томилогдохоосоо өмнө /2017-2019 оны хугацаанд/ Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Цаашлаад Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хэнтий аймгийн гаралтай. Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамаатнууд юм.

Олон нийтэд ил байгаа эдгээр албан тушаалтнууд бөгөөд харин АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хэлтэс албанд Хэнтий аймгийн гаралтай хүмүүс олноороо албан тушаалд томилогдсон байх талтай гэж буй юм. Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3.4-т ‘’Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ’’ хэмээн заасан байдаг.

-УЛС ТӨРЧИД ИРГЭДЭЭС ‘’ОНОО’’ АВАХЫН ТУЛД ХУУЛЬ ЗАХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ АШИГЛАДАГ БОЛСОН УУ-

Нөгөө талаар хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааг улс төрийн пиар, сурталчилгаандаа ашиглаж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, нэр хүндээ өсгөж байж болзошгүй үйлдлийг зарим улс төрчид гаргах болсон.  

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Замын-Үүд боомтод ажиллаад буцсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг очиж, Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг баривчилсан юм. Хууль сахиулах байгууллага тэр дундаа АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа хаана явагдахыг нь нэр бүхий хэвлэл аль хэдийн мэдчихсэн, тухайн ажиллагааг нь шууд дамжуулсан. 

Мөн Үндэсний их баяр наадмын өмнөхөн /2021.07.09/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн цалинг хоёр дахин нэм” хэмээн шаардаж Сүхбаатарын талбайд суулт хийсэн эмч нарын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэрээ “Ерөнхий сайдын хувь би энэ улсад нэг номерын мэдээлэлтэй хүн. Тусгай албаны мэдээллүүдийг ч авч байгаа. Туйлын эелдгээр сануулъя” гэх зэргээр мэдэгдэл хийж үг хэлэх эрхээ эдэлж буй эмч нарыг тагнаж, чагнасан байж болзошгүй мэдээллийг хийсэн билээ.