Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудын “заалаар үйлчлэхийг хязгаарласан шийдвэрээ дахин сунгах болсон гэж УОК-оос өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Иймд зарим ресторанууд “УОК-ийн шийдвэрийг цаашид дагах боломжгүй, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний шаардлагыг зарим залуус дэмжиж, тус ресторануудад урт дараалал үүсгэж, үйлчлүүлж эхэлсэн.
Энэхүү эсэргүүцэл, шаардлагын хариуд Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-оос дээрх байгууллагуудад ‘’хариуцлагын гэрээ’’-г хийвэл үйлчилгээгээ танхимаар үзүүлж болно гэсэн хариу өгсөн. Тус шийдвэр олон бизнес эрхлэгчдэд сэргэлт авах итгэл найдвар өгсөн ч бодит байдал дээр ‘’гал унтраах’’ төдий түр зуурын шинжтэй гэрээ болохыг нийтээрээ ойлгосон байна.
-РЕСТОРАНААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО-
Учир нь НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрөгч бямба гараг /2021-06-24/-аас эхлэн хүнсний үйлдвэрлэл, ресторан, кафе, кофе шопын төлөөллийг урьж хариуцлагын гэрээг хийж эхэлсэн байна. Гэтэл уг гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч үйл ажиллагаандаа мөрдвөл, гарын үсэг зурсан цагаас эхлэн танхимаар үйлчилгээ эрхлэх боломж нээгдэх байв. Гэтэл тус гэрээг хийсэн байгууллагууд зарим нөхцөлүүдийг биелүүлэх нь үл бүтэх зүйл тул дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Учир нь тус гэрээний 4.1-д “Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдал бий болгосон тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасны дагуу үйл ажиллагааг бүхэлд нь болон хэсэгчлэн зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох арга хэмжээ авна” гэж заажээ.
Гэтэл иргэн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсноо мэдсэнээс бусад тохиолдолд хаанаас Ковид 19 халдвараар өвчилснөө бүрэн мэдэх боломжгүй.
Гэтэл тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн халдвар авсан нь батлагдвал үйл ажиллагааг бүхэлд нь хүртэл хаах арга хэмжээ авах нь боломж олгосон таатай шийдвэр бус эсрэгээр хавчин боосон үйлдэд болсон байгаа юм.
-РЕСТОРАНААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ХОХИРЛЫГ ХАРИУЦНА-
Мөн тус гэрээний 4.3-р заалтыг ААН-үүдийн удирдлагууд ихээхэн шүүмжилж буй юм. Учир нь 4.3-д “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.10-т заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр энэхүү гэрээг зөрчсөний улмаас үйлчлүүлэгч иргэн коронавируст халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зардлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна” гэж заажээ. Энэхүү шаардлагыг биелүүлснээс хаалттай байсан нь дээр гэж үзэх бизнес эрхлэгчид ч байгаа юм. Учир нь тэд нэг аяга хоол, кофегоор үйлчилснийхээ төлөө халдвар авсан иргэний эмчилгээний бүх зардлыг даана гэдэг боломжгүй зүйл.
Мөн тухайн иргэн хаанаас халдвар авсан гэдэг нь нотлогдох боломжгүй нарийн төвөгтэй асуудал. Тэгэхээр энэ журмыг баримталбал нэг ёсондоо жижиг бизнесүүд эрүүл мэндийн зардалд унахаас эмээсэндээ үйлчилгээгээ эрхлэхгүй байх бүрэн боломжийг олгож байна.
Мөн гэрээний 4.2-д “Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, шаардлага, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хуульд заасны дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна” гэжээ.
Өнгөрөгч тавдугаар сард /2021-05-06/ УОК-оос баталсан Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын 1.1-д “Энэхүү журам нь Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн Онцгой комисс нь УОК-оос гаргасан журмыг зөрчиж хэвийн нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үгийг сөргүүлэн тавьсаар.