2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдон амиа алджээ

2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдон амиа алджээ

Энэ оны тавдугаар сар ихэнх нутгаар хур тунадас их орж байгаатай холбогдуулан Монгол орны хэмжээнд гол мөрний усны түвшин нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан үзүүлэлт гарсан билээ. 2020 оны байдлаар гэхэд улсын хэмжээнд 116 хүн гол усанд осолдон харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний 25 нь хүүхэд, үлдсэн 91 нь насанд хүрсэн хүн байжээ. Харин 2021 оны эхний хагас жилийн байдлаар 21 хүн гол усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа мэдээлэлдээ, “Гол мөрөн зөвхөн үерлэсэн үед аюултай гэж бодож болохгүй үргэлж анхаарал сэрэмжээ алдахгүй байх нь чухал. Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газрын хамтарсан завьт эргүүл, мотоцикл эргүүл, хөдөлгөөнт болон явган эргүүлийг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн амралтын өдрүүдэд голын эргийн ойролцоо хараа хяналтгүй байсан 29 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, 167 хүүхдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор голоос зайдуу тоглохыг зөвлөн сэрэмжлүүлэг өгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг зохион байгуулсан байна. Иймд ард иргэд гол мөрөн тогтоол усны түвшин их, бага байхаас үл хамааран бага насны хүүхэд болон иргэд анхаарал болгоомжтой байхыг хүсэж байна” гэжээ.