П.Баярцэнгэл: Урлагийнханд бүгдэд нь санал ирдэг. Миний хувьд улс төрөөс хол байя гэж боддог

П.Баярцэнгэл: Урлагийнханд бүгдэд нь санал ирдэг. Миний хувьд улс төрөөс хол байя гэж боддог

“Universe Best Songs” тэмцээнээс төрөн гарсан  дуучин П.Баярцэнгэлийг танихгүй хүн ховор. Сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэйгээ “уулзах” болсон түүнийг Isee.mn сайт энэ удаагийн ярилцлагын зочноороо урьж “амттай” яриа өрнүүллээ. Бид энэхүү ярилцлагаараа түүний уран бүтээлийн сонин сайхан хийгээд П.Баярцэнгэл гэдэг хувь хүнийг харуулахыг зорилоо.

 СОНСОХ:

-ХӨНГӨН ИНЭЭДМИЙН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТУЛААНТАЙ КИНОНД
ТОГЛОХЫГ ХҮСДЭГ-

-П.Баярцэнгэлийг сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлээс цөөнгүй хардаг боллоо. Ойрд ямар уран бүтээл дээр ажиллаж байна?  

-Сүүлийн үед шинэ дуунууд дээрээ төвлөрч ажиллаж байгаа. Хэд хэдэн поп дуу хөгжмийн зохиолч, яруу найрагчдаасаа авчхаад одоо хоолойгоо бичүүлж байна.

-Таныг дуучин гэдгээр анх хүмүүс мэддэг болсон шүү дээ. Харин та Кино урлагийн дээд сургууль төгссөн жүжигчин мэргэжилтэй хүн. Ер нь яагаад жүжигчин гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би 2007 онд Дорнод аймагт арван жилээ төгссөн. Тэр үед хүмүүс интернетийг хэрэглэж эхэлж, “youtube” гэдэг зүйлтэй танилцаж байлаа . “Youtube”-ээс гаднын уран бүтээлчдийг үзэхээр дуучид нь жүжиглэдэг, жүжигчид нь дуулдаг илүү мэргэжлийн санагдсан. Тэгээд л Кино урлагт жүжигчнээр, “Nature Sound”-ийн Даашка студи сургалтын төвд дуугаа суръя гэсэн төлөвлөгөөтэй Улаанбаатарт ирсэн. Гэхдээ тэмцээн уралдаан гэж явсаар дуучнаараа түлхүү ажилласан.

-Хамгийн анх ямар кинонд дүр бүтээж байв. Түүнээс хойш хэчнээн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээд байна?

-“Universe best songs” уралдаанд шалгарсан шилдгүүд кино хийдэг шүү дээ. Намайг шилдгээр шалгасан жил “Мамма Мия” гэдэг кино хийсэн юм. Тэр кинонд хамгийн анх жижиг дүр бүтээж байлаа. Тухайн үед би оюутан байсан. Харин сургуулиа төгссөний дараа Драмын театрын Боогий /МУГЖ С.Болд-Эрдэнэ/ ахтай Анчид гэдэг киноны гол дүрийг бүтээсэн. Одоогоор 10 гаруй кинонд ажиллаж, дүр бүтээгээд байна.

-Хамгийн сүүлд тоглосон кино гэвэл Нийслэл хүүхэн байх. Таны хувьд анхны олон ангит кино байлаа. Олон ангит кинонд ажиллах хэр байв. Багагүй туршлага хуримтлуулсан байх?

-Тийм. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхлэн 50 гаруй хоног Тэрэлжид “Нийслэл хүүхэн” киноны зураг авалт үргэлжилсэн. Хүмүүс хаана зураг авалтыг нь хийсэн юм гэж их асуудаг юм. Олон хүн Тэрэлжлийг амралтын газраар төсөөлдөг ч цаашаа явбал их гоё байгальтай, малчин айлууд нь малаа хариулж, цагаан идээгээ хийн амьдардаг юм билээ. Бид тэр айлуудтай зэрэгцэн амьдарч 50 гаруй хоног кино зураг авалтаа хийсэн. Удаан хугацаанд нэг баг хамт олон болж ажиллахаар хоорондоо их гоё нэгдэж, нийцэж чаддаг болдог юм билээ. Найз нөхөдтэй болж, ах эгч нараасаа ч олон зүйлийг сурсан. Хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай зун болж өнгөрсөн. Долдугаар сард “Нийслэл хүүхэн”-ий хоёрдугаар бүлэг хийгдэх гээд бэлтгэл ажил явагдаж байгаа. Одоо ч хөөрч, догдлоод л сууж байна.

-Уран бүтээлч хүн бүрт ийм кинонд тоглох юмсан, ийм дүрийг бүтээх юмсан гэсэн нууцхан хүсэл байдаг. П.Баярцэнгэл жүжигчний хувьд ямар кинонд, ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Би хүүхэд байхаасаа Жеки Чан, Жет Ли гэх мэт тэр үеийн тулаантай киноны баатруудыг харж, үзэж жүжигчин болъё гэж мөрөөддөг байсан. Бараг бүх киног нь үзсэн байх. Тэр хүмүүсээр л хөглөгдөж жүжигчин болъё гэдэг мөрөөдөлтэй болсон. 

Хөнгөн инээдмийн гэхээсээ илүү тулаантай киноны бодитой, “нухацтай” дүр бүтээхийг хүсдэг. Гэхдээ хувь хүний характер, зан байдлаасаа болоод тэр болгон хүссэн дүрээ бүтээж чадахгүй шүү дээ /инээв/.  Гэхдээ цаашид өөрөө кино хийхээр төлөвлөж байгаа.

-Хувь хүний характер гэж байна шүү дээ. Таны мөн чанар, хувь хүнтэй хамгийн их ойртсон ямар дүр байдаг вэ?

-Миний мөн чанар гэвэл би бүхий л цаг үед нийтэч, эерэг, хөгжилтэй байхыг хичээдэг. Тэр ч утгаараа инээдмийн, хөнгөн жанрын кинонд тоглох санал их ирдэг юм болов уу. 

-Таны нэлээдгүй олон дууг ах тань бичиж өгсөн гэдэг яриа байдаг юм билээ. Энэ үнэн үү?

-Үгүй ээ. Харин аяыг маань бичиж өгдөг. Үгийг би өөрөө бичдэг. Ах бид хоёр хүүхэд байхаасаа хамтдаа дуу, хөгжмөөр “явсан”. Арван жилд хамтлагт байхад ах маань гитар дээр ая зохиож, хөгжмийн найруулга хийж өгдөг, харин би дуулдаг байлаа. Улаанбаатар хотод ирээд яг тэр уламжлалаараа хийдэг зүйлээ хийгээд явж байна. Одоо ах маань өөрийн гэсэн студитэй. Миний хамгийн том дэмжлэг, ар тал маань. Нэг утгаараа продюсер юм уу даа /инээв/.

-ДУУЧИН ХҮН ГЭДЭГ УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ АРД ТҮМЭНД
ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ХҮМҮҮС-

-Дууны үг зохиох, бичих үйл явц, арга техникээсээ хуваалцаач?

-Яг тухайн мөчид мэдрэгдэж байгаа зүйлсээр, эсвэл “ах маань ая зохиогоод өгье”, гэвэл сонсож байгаад мэдрэмжээрээ үгээ зохиодог. Үгээ зохиохдоо ихэвчлэн алхдаг. Суухаар толгойд юу ч орж ирдэггүй, таг гацчихдаг юм. Тиймээс дууны үг зохиохдоо гараад л алхчихдаг. Алхахдаа нэлээн бодож, толгойд орж ирсэн үгүүдээ утсан дээрээ бичиж авдаг. Гэрийнхээ урд талын талбайг 10, 20 тойроход нэг дууны үгийг бичиж дууссан байдаг даа /инээв/.

-Таны уран бүтээлүүд ихэвчлэн хайрын утгатай шүү дээ. Магадгүй эхнэртээ зориулсан уран бүтээлүүд цөөнгүй байдаг байх?

-“Санахдаа” гэдэг дуугаа оюутан байхдаа эхнэртээ зориулж зохиож байсан. Хайраа чи хайрыгаа санаад уйлсан юм уу, хайрт яасан бэ туньсан юм уу /дуулж үзүүлэв/. Яг энэ хэсэг нь орж ирээд нэлээн удаж, хоёр гурван жилийн дараа дуу болсон.

-“Ёодол” урсгалыг Монголчуудад анх таниулсан хүн гэж олон хүн хэлдэг юм билээ. Ёодолтой анх “танилцсан” түүхээсээ хуваалцвал?

-“Universe best songs” тэмцээний гуравдугаар шатан дээр ямар дуу дуулах вэ гэж хайж байтал манай дээд ангийн охин CD дээр бичсэн ёодол авчирч сонсгоод “энэ дууг дуулаад үзээч” гэсэн. Одоо бодоход хоолойг минь сонсоод надад тохирох юм байна гэдгийг ойлгосон юм шиг байгаа юм. Анх сонсож үзээд чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байсан. Ёодол гэж юу байдгийг мэдэхгүй, ямар ч ойлголтгүй байсан учраас аргагүй шүү дээ. Тэгээд л “youtube” дээрээс хайж, судалж хэд хэдэн удаа дагаж дуулсны дараа болмоор юм шиг санагдаж, 21 хоног бэлтгэл хийсний эцэст “Universe”-ийн тайзан дээр хамгийн анх ёодол дуулж байлаа. Тэмцээн дуурийн театрт болсон. Үзэгчид, шүүгчид тэр аяараа босож алга ташин дэмжсэн болохоор тухайн үед өөрийгөө үнэхээр мундаг дуулчихлаа гэж бодсон. Сүүлд ёодолоо сайжруулж, төгсрүүлсний дараа бичлэгээ үзэхэд үнэхээр муу дуулсан байна лээ. Цаана нь ёодол гоё дуугарч байгаа ч өнгө алдчихсан, хөгжсөн хэмжээнээс маш доогуур дуулсан юм шиг санагдсан. Гэхдээ анхны сэтгэгдлээрээ хүмүүст хүрсэнд баярладаг.

-Уран бүтээлч хүн бүрт өөрийн гэсэн үнэт зүйл, эрхэмлэдэг, чухалчилдаг зүйл байдаг байх. Таны хувьд юуг чухалчилж, зарчмаа болгодог вэ?

-Дуучин хүн гэдэг уран бүтээлээрээ ард түмэнд үйлчлэх ёстой хүмүүс. Хурим найр байна уу, аль эсвэл томоохон арга хэмжээ байна уу ялгахгүйгээр очсон газар бүртээ сайхан уур амьсгалыг бүрдүүлж, “өргөж” өгөх ёстой. Тиймээс маш хариуцлагатай байх ёстой гэж боддог. Цаг барихаас эхлээд үзүүлбэрээ гүйцэтгэлтэй, төгс хийх, ирсэн хүмүүсийн сэтгэл санааг нь өргөж, сайхан уур амьсгал бүрдүүлэхийг хичээдэг.

-“Яг түүн шиг” шоунаас таны олон нууц авьяасыг үзэгчид мэддэг болсон. П.Баярцэнгэл гэдэг хүнд өөр нууц авьяас бий юу?

-Нууц авъяас юм чинь нууц хэвээрээ байна шүү дээ /инээв/. Би сүүлийн үед өөрийгөө хөгжүүлэх талын олон шинэ зүйл сурч байгаа. Хоёр жилийн дараа сурч байгаа зүйлүүдээрээ уран бүтээл хийнэ гэж бодож байна. Мэдээж энэ хугацаанд поп жанрын уран бүтээлээ хийгээд л явна.

-ДУУГҮЙГЭЭР ӨНГӨРҮҮЛСЭН ЦАГ ХУГАЦАА, ДУРСАМЖ ГЭЖ
НАДАД БАЙДАГГҮЙ-

-П.Баярцэнгэл сүүлийн үед фитнесээр хичээллэж байгаа гэсэн сураг дуулдсан. Бэлтгэл хэр хийж байна?

-2013 оноос хойш ер нь бэлтгэл хийж байгаа. Урлагийн хүмүүс дуу, хуур, кино ший гээд явахаар замаасаа хаях үе гарна. Гэхдээ сүүлийн гурван жил тогтмол бэлтгэл хийж байгаа. Фитнесийн спорт, тулааны спортод их дуртай. Спортоор тогтмол хичээллэснээр гадна талаасаа ч, дотно талаасаа ч эрүүлждэг. Сэтгэл санаа тогтворжиж, тэвчээр суудаг. Мэдээж анх хичээллэхэд ядарч, шантрах үе гарна. Гэхдээ байнгын дадал болгосны дараа эсрэгээрээ бэлтгэл хийхгүй л бол бие өвдөөд байгаа юм шиг санагддаг болчихдог юм билээ.

-Эхний нэг сар хичээллээд шантраад хаячихдаг хүмүүс байдаг шүү дээ. Та ч гэсэн хэлж байна. Таны хувьд яаж байнгын дадал болгож чадав?

-Надад мотиваци өгдөг Олон Улсын хэмжээний мастер Жамц багш маань бий. Өглөө бүр “бэлтгэлээ хийгээрэй”, “өнөөдөр ийм юм хийнэ шүү”, “цагаа бариарай” гэж залгаж сануулдаг. 2013 оноос тасралтгүй зааж, сургаж надад хүч, мотиваци өгч байгаа хүн. Нөгөөтээгүүр би их туранхай байсан. Фитнесээр хичээллэсний дараа жин нэмж, өөртөө илүү таалагдаж эхэлсэн болохоор хийх дуртай зүйл маань болсон байх.

-Фитнес, дасгал хөдөлгөөний хувьд ийм юм байж. Тэгвэл уран бүтээлийн хувьд таньд хамгийн их хүч өгдөг зүйл юу вэ? 

-Дур юм даа. Өөрөө дуртай, хайртай учраас. Дуугүйгээр өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамж гэж надад байдаггүй. Манай аав, ээж их гоё дуулдаг, дуучин хүмүүс учраас мэдээ орсон цагаасаа урлагтай, дуутай их ойр өссөн. Маш их хайртай.

-Уран бүтээлч хүний амьдралыг харуулсан кинон дээр тайзан дээр байхдаа хамгийн сайхан мэдрэмжийг авч буй агшинг  тодоор харуулдаг. Таны хувьд ямар тайзнаас тийм мэдрэмж авч байв?

-Маш олон. Урам зориг авдаг зүйлийн нэг бол энэ. Тайзан дээр өөрийн дуугаа үзэгчидтэй хамт дуулах шиг сайхан зүйл, сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл хаана ч үгүй. 

-Та жүжигчин бас дуучин. Тэгэхээр мюзикл таньд их давуу тал болдог байх. Мюзиклд тоглож байв уу?

-Талийгаач Амбий ах, Ардын жүжигчин Төмөрбаатар гуай, Захиалгат инээдийн Мөөжгий ах бид нар “Найрын ширээний ууц” гэдэг мюзикл тоглож байсан. Тухайн үед би сургуулиа төгсөөд удаагүй, маш гоё санагдаж байлаа.

-ДУУЧИН ХҮН ЯГ ТАМИРЧИДТАЙ АДИЛ ӨДӨР БҮРТ 
БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙХ ЁСТОЙ-

-Саяхан дуучин Д.Дүйнхэржав гэртээ их дуулж байна гэж хөрш нь цагдаад гомдол гаргасан талаар та сонссон байх.  Таны хувьд хэр гэртээ дуулж байна?

-Энэ завшааныг ашиглаад хөршүүддээ баярлалаа гэж хэлье /инээв/. Би бол гэртээ байнга дуулдаг. Хөршүүд маань ерөөсөө хаалга нүдэж байгаагүй. Намайг ойлгодог юм шиг байгаа юм. Би ганцаараа биш манай хоёр охин нэмэгдэнэ. Хамтдаа бараг концерт тоглоно шүү дээ.

-Уран бүтээл болгоноос тухайн уран бүтээлийг хийсэн, амилуулсан хүний онцлог, ямар нэгэн өвөрмөц зүйл мэдрэгдэж байдаг. П.Баярцэнгэл гэдэг хүний уран бүтээлд байдаг тэр давтагдашгүй зүйл юу вэ?

-Мэдрэмж гэдэг зүйлийг нь тулгахыг хүсдэг, зорьдог. Сонсож байгаа хүн чихээрээ дамжуулан зүрх сэтгэлдээ мэдрэмж л авах ёстой. Хүмүүсийн мэдрэмж бүгд өөр. Баяртай, гунигтай, хайрласан энэрсэн аль нь ч байхыг төсөөлшгүй. Тэр мэдрэмжүүдийг л өсгөж өгөхийг хүсдэг. Мэдрэмжээр хөглөгдөж дуулахыг хичээдэг.

-Эсрэгээрээ ямар ч мэдрэмж төрдөггүй, хичээгээд ч гараас юм гардаггүй өдөр гэж байдаг шүү дээ. Тийм үеийг хэрхэн давдаг вэ?

-Гараас юу ч гарахгүй, толгой “царцах” үе олон бий. Тийм үед зүгээр л хийхээ больчихдог. Өөрийгөө хүчилдэггүй. Дуу хийхэд тухайн өдрийг яаж өнгөрүүлсэн нь их чухал. Маш гоё цоглог хийх гээд иртэл сэтгэл санаа тавгүй байвал чаддаггүй. Хойшлуулдаг.

-Таныг олон нийт уран бүтээлч хүний нүдээр хардаг. Нөгөө талаар П.Баярцэнгэл эцэг хүн шүү дээ. Эцэг хүний хувьд охидоо хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Өөрөөр нь л байлгахыг хичээдэг. Юу хийх, ямар мэргэжилтэй болох нь чухал биш. Тэр хүний сонголт. Гол нь зөв санаатай, зөөлөн сэтгэлтэй байхад болно. Аав ээж маань ч намайг ингэж хүмүүжүүлсэн. Үргэлж зөөлөн сэтгэлтэй, зөв санаатай байхыг захиж өсгөсөн.

-Сонгууль дөхөөд ирэхээр зарим олонд танигдсан уран бүтээлчид  нам, эсвэл ямар нэг улс төрчийн талд ажиллах тохиолдол цөөнгүй гардаг. Тэрийг нь олон нийт их сөргөөр хүлээж авдаг болчхож. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Ер нь улс төрийн сурталчилгаан дээр ажиллах санал ирж байв уу. Яаж хүлээж авдаг вэ?

-Урлагийнханд бүгдэд нь ийм санал ирдэг. Миний хувьд улс төрөөс хол байя гэж боддог. Одоохондоо надад улс төрийн талаар хангалттай их мэдлэг байхгүй. Тиймээс улс төрийг илүү ихээр ойлгосныхоо дараа залуусын улс төрийн боловсрол руу хандсан чаддаг зүйл минь гарч ирвэл оролцоно гэж боддог.

-Та салбарынхаа нэг төлөөлөл. Урлагийн салбарыг Монголд илүү хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж бодож байна?

-Төр засгийн бодлого гэж хүмүүс янз бүрийн л зүйл ярих байх. Миний бодлоор дуучин, уран бүтээлчдийн хувьд хувь хүний хөгжил нь нэгдүгээрт байх ёстой. Дуучин хүн яг тамирчинтай адил. Тулааны тамирчид өдөр бүр бэлтгэл хийж, нэг зүйлээ давтдаг. Тэр хэмжээгээр өдөр бүр нэг шат ахидаг. Яг үүнтэй адил дуучид өдөр бүр өөртөөгөө ажиллаж, өдөр бүр бэлтгэл хийх ёстой. Манайд ганц тийм дутагдал бий.  Бэлтгэлгүй явж байгаад л тоглолтод оролцдог, хоолойгоо бичүүлдэг. Тиймээс өөрөө өөртөө зориулж өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж хөгжинө шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа.