СОНИН ХАЧИН: Багадаа хорт хавдраар шаналж байсан охин том болоод эмчлүүлж байсан эмнэлэгтээ сувилагч болжээ

СОНИН ХАЧИН: Багадаа хорт хавдраар шаналж байсан охин том болоод эмчлүүлж байсан эмнэлэгтээ сувилагч болжээ

Монтана Браун гэх 24 настай бүсгүй хүүхэд байхдаа холбогч эдийн хавдраар хоёр ч удаа өвдөж байжээ.

Хамгийн анх 2 настай байхдаа шоконд орж Атлантагийн “AFLAC” гэх хорт хавдрын төвд хүргэгдэн нэг жилийн турш химийн эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон ч 15 насанд нь түүний хорт хавдар дахин сэдрэх хүртэл тэрээр хүүхэд насаа энгийн хүүхэд шиг аз жаргалтай өнгөрүүлж байсан юм.

Харин 15 насандаа Монтана дахин илүү хүчтэй химийн эмчилгээг AFLAC-д хийлгэх хэрэгтэй болсон бөгөөд энэхүү хүнд өвчинтэйгөө тэмцэж дахин ялж чадсанаар сувилагч болохоор эргэлт буцалтгүй шийджээ.

Тэрээр зорьсондоо хүрч сувилагч болох үедээ "Өвдөж байхад минь асарч байсан сувилагчид  намайг хүүхэд шигээ хайрладаг энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Надад өгсөн тэдний хайр халамж, гэр бүл минь хажууд байсан учраас би эдгэж чадсан" хэмээжээ.

Тэрээр өдгөө эмчлүүлж байсан эмнэлэгтээ сувилагч болсон бөгөөд түүний хорт хавдартайгаа тэмцэж байсан туршлага нь энэ өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэх болно хэмээн тэрээр найдаж байгаа аж.

Монтана Браун өөр шиг нь өвчнөөр шаналж байгаа багачуудад "Зүгээр дээ би ямар байдгийг нь сайн мэднэ. Би яг л чам шиг энд байсан, тиймээс одоо ч гэсэн энд байна гэж би хүүхдүүдэд урам өгөх нэгэн байхыг хүссэн" хэмээжээ.

Түүнчлэн Монтанагийн олж авсан мэдлэг туршлага нь шинэхэн ажлаа хийхэд нь асар их урам зориг өгдөг байна. Тэрээр өөрийн Фэйсбүүк постон дээрээ "Би бага байхдаа эмчилгээ хийлгэж байсан эмнэлэгтээ ажиллана хэмээн мөрөөддөг байсан хамгийн том мөрөөдлөө 24 насандаа биелүүлж чадна гэж төсөөлж байсангүй. Гайхалтай урам зориг өгсөн энэ газарт ажиллах болсондоо би маш их баяртай байна. Энэ үнэхээр гайхалтай бас сэтгэл догдлуулсан мөч байна" хэмээн тэрээр бичжээ. Түүний энэхүү үйлдэл нь дэлхий даяар хорт хавдраар шаналж буй олон мянган багачуудад урам зориг хайрласан бөгөөд түүн шиг мөрөөдөлтэй хүүхэд багачууд их болсон аж.

Эх сурвалж: Insider




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө