Энэтхэгтэй хил залгаа орнуудад халдварын тархалт огцом нэмэгдэж эхэлжээ

Энэтхэгтэй хил залгаа орнуудад халдварын тархалт огцом нэмэгдэж эхэлжээ

Цар тахлын давлагаанд нэрвэгдсэн Энэтхэг улсын хөрш орнуудад ч халдварын тохиолдол огцом нэмэгдэж эхэлжээ. Тодруулбал, хөрш Непалд сүүлийн гурван хоног дараалан халдварын 8000 гаруй шинэ тохиолдол нэмэгдсэн байна.

Үүнийг Непалын эрх баригчид Энэтхэгт ажиллаж байсан мянга, мянган цагаачид буцаж ирэхдээ халдвар авч ирсэн байх магадлалтай гэж таамаглаж байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Балбын хуучин хаан 73 настай Гянендра Шах эхнэр Комалын хамт Энэтхэгт Кумбх Мела хэмээх шашны наадамд оролцжээ. Ингэхдээ олон ажилчдаа дагуулан явснаар зогсохгүй амны хаалт огт хэрэглээгүй байна. 

Балбаас гадна Пакистанд халдварын нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Пакистаны Синд муж Өмнөд Африк, Бразилын коронавирусийн хувилбарын тохиолдол бүртгэгдэж, даваа гарагт гэхэд л тус улсад 161 хүн нас барсан нь цар тахлаас хойших нас баралтын хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болов. Улмаар Пакистаны эрх баригчид өчигдрөөс/2021.05.05/ эхлэн олон улсын нислэгийн тоог хэвийн хэмжээнээс 20 хувиар бууруулжээ. Тун удахгүй тус улсад мөн шашны баяр болох бөгөөд өнгөрсөн жилийнхтэй адил халдварын тархалтыг улам нэмэгдүүлэх вий гэж болгоомжилж байна. 

Энэтхэгтэй хил залгаа Бангладеш мөн түгшүүрт байдалд байна. Тус улсад халдварын тархалт Энэтхэгтэй зэрэг буюу гуравдугаар сарын дунд үеэс эрчимжиж эхэлсэн. Үүний дараа эрх баригчид Энэтхэгийн байдал намжтал хилээ хаах шийдвэрийг гаргасан юм. 

Тус гурван улсад сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдварын тоон мэдээлэл:

  • Непал:8605
  • Пакистан:4197 шинэ тохиолдол
  • Бангладеш: 1712 шинэ тохиолдол