Энэ сарын 05-нд /2021.04.05/ Унгар улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн коронавирусийн халдвараар нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус иргэн нь 30 орчим настай, долоон сартай жирэмсэн байсан юм.
Талийгаач гэр бүлийн хүний хамтаар есөн настай хүүгээ Монголд орхин, хөдөлмөр эрхлэхээр Унгарт очсон ч ийнхүү биеийн байдал нь муудаж харамсалтайгаар хорвоог орхисон юм. Тухайн үед эмч нар яаралтай мэс заслаар хүүхдийг нь хийсвэрээр төрүүлсөн бөгөөд одоо эрчимт эмчилгээний тасагт өсөн торниж байна.
Тэгвэл Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өчигдөр /2021.04.27/ Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгт хэвтэж буй охиныг эргэж очсон байна.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж " 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга болжээ. Эмнэлэгийн асрагч, сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "Хүнд үе өнгөрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлэгээс гаргасан ч болно" гэж хэлсэн" хэмээжээ.