Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр нийслэл даяар 48,000 хүн шинжилгээнд хамрагдсан талаар НЗДТГ-аас мэдээлжээ.
Тодруулбал, хөл хорионы эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 мянга, Баянзүрх дүүргийн 10 мянга, Баянгол дүүргийн 8 мянга, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тус бүр 5 мянга орчим харин Налайх дүүргийн 2 мянга, Багануур дүүргийн 100, Багахангай дүүргийн 6 иргэн шинжилгээ өгсөн байна. Энэ сарын 11-23-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа ажээ.