СУРВАЛЖИЛГА: Халдварын томоохон голомт болсон “GB plaza” үйл ажиллагааг БҮРЭН ЗОГСООЖЭЭ

СУРВАЛЖИЛГА: Халдварын томоохон голомт болсон “GB plaza” үйл ажиллагааг БҮРЭН ЗОГСООЖЭЭ

Сүүлийн долоо хоногт нийслэлд коронавирусийн халдварын тохиолдлууд огцом нэмэгдэж, хэд хэдэн шинэ голомт үүсээд байна.

Нийслэлийн онцгой комисоос үйлчилгээний байгууллага, зах худалдааны төвүүдийг нээх шийдвэр гаргасан тул хүмүүсийн хөдөлгөөн ч нэмэгдэж, удахгүй болох Цагаан сарын баярын бэлтгэлээ хангах иргэд цөөнгүй харагдана. Одоогийн байдлаар нийслэлд нийт 10 гаруй голомт идэвхтэй байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байгаа ч өдөр бүр нийслэлийн хэд хэдэн байр, орцуудыг хамгаалалтад авсаар байгаа юм.

-ХАЛДВАР ИЛЭРСЭН ӨДӨР ТУХАЙН ОФФИС ДЭЭР БАЙСАН БҮХ ХҮН АЖИЛ ДЭЭРЭЭ ХОНОЖЭЭ-

Идэвхтэй байгаа томоохон арван голомтын нэг нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хороонд орших “GB plaza” гэх оффисын таван давхарт байрлах ББСБ бөгөөд одоогоор тус голомттой холбоотой 70 гаруй халдвар бүртгэгдээд байна. Бид “GB plaza” гэх оффис дээр очиж нөхцөл байдлыг харахад тус оффисын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хэнийг ч оруулж, гаргахгүй байгаа аж.

Мөн халдвар илэрсэн өдөр тухайн оффист байсан бүх иргэдийг ажил дээр нь тусгаарлаж, PCR шинжилгээнд хамруулжээ. Улмаар шинжилгээний хариу гартал ажилчид оффис дээрээ хонож, сөрөг гарсан иргэдийг гэр гэрт нь тусгаарласан байна.

Харин голомт гэгдээд буй таван давхарт байрлах ББСБ-ийн ажилчид болон ойрын хавьтал болсон иргэдийг “Тоёоко инн” зочид буудалд авчран тусгаарлажээ.

Өнөөдрийн байдлаар тус буудалд 250 гаруй “GB plaza” оффистой холбоотой, ойрын болон дам хавьтал болсон иргэд тусгаарлагдаж байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар 35 тохиолдол нэмж илэрсэн юм. Мөн анх халдвар авсан ББСБ-ын хоёр ажилтан тус оффисын нэг давхарт байрлах “Tomn&Toms” гэх кофе шопоор үйлчлүүлсэн нь халдвар авагсдын тоо ихсэхэд нөлөөлсөн байж болзошгүй байна.

-ХАЛДВАР ИЛЭРСЭН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ ЭМЭГТЭЙ НӨХРӨӨ ХӨДӨӨ ЯВСАН ГЭЖ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тус оффисын таван давхарт “Их мөнх наран” хэмээх нэртэй ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус байгууллагийн нийт 7 ажилтнаас халдвар илэрчээ. Өнгөрсөн ням гарагийн байдлаар байгууллагын ажилчид болон тэдний гэр бүл, ойрын хавьтал болох нийт 24 хүнээс халдвар илрээд байсан бол өчигдөр “Тоёоко инн” буудалд тусгаарлагдаж байсан 27 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн юм.

Мөн халдвар авсан ББСБ-ийн нэг ажилтны эгч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газарт багшаар ажилладаг байсан бөгөөд тус асрамжийн газрын хоёр сурагч, гурван багш тусгаарлагдсан байна.

Мөн зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар “Их мөнх Наран” ББСБ-ийн захирал Н-ын шинжилгээний хариу эерэг гарсан тул түүний ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоохоор асуумж бөглүүлэх үед нөхөр хүүхдээ хөдөө байгаа гэж худал мэдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Үнэндээ тус эмэгтэйн нэгдүгээр хавьтал болох нөхөр нь хөдөө яваагүй, гадуур байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. ЭМЯ-наас өдөр бүр хийдэг мэдээллийнхээ үеэр “халдвартай иргэд өвчнөө нуун дарагдуулах, хавьтлаа худал мэдээлэх тохиолдол гарснаар халдварыг улам эрчимжүүлэх аюултай” гэдгийг анхааруулсаар байна.