Иргэд жагсаж, Засгийн газрыг огцроход хүргэсэн н.МӨНХЦЭЦЭГ гэж хэн бэ

Иргэд жагсаж, Засгийн газрыг огцроход хүргэсэн н.МӨНХЦЭЦЭГ гэж хэн бэ

“Өргөө” амаржих газар амаржсан н.Мөнхцэцэг бүсгүйг ХӨСҮТ рүү шилжүүлэн тээвэрлэхдээ, нялх биетэй түүнд “хүнлэг бус, эрүүл мэндийн байгууллагын журмыг зөрчиж” хандсан гэх үндэслэлээр Л.Төмөрбаатар, Д.Нямхүү зэрэг эмнэлгийн дарга нар, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, цаашлаад У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. 

н.Мөнхцэцэг бүсгүйд энэ долоо хоногт тохиолдсон үйл явдлаас үүдэн Сүхбаатарын талбайд иргэдийн сайн дураараа нэгдсэн, тайван жагсаал цуглаан ч болж өндөрлөлөө. Улмаар тус жагсаалыг өдөөн турхирах гэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхийлөгч Х.Баттулга ч хугацаанаасаа өмнө огцорч болзошгүй нөхцөл үүсээд байна. 

Үйл явдал 2021.01.20

Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн зарим алдаа, дутагдлыг олон нийтэд ил болгож, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн н.Мөнхцэцэг бүсгүй болоод түүний саяхан мэндэлсэн хүү хэн болох талаар бид тоймлон хүргэж байна. Учир нь, “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 4.1-д “Хүний эрүүл мэнд, гэр бүл”-ийг нууцын төрөлд оруулсан байдаг тул бид н.Мөнхцэцэг бүсгүйн талаарх тус мэдээллээ хуулийн хүрээнд бичих гэж хичээж, түүний талаарх зарим мэдээллийг ерөнхийд нь нийтэлж байна. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-н.МӨНХЦЭЦЭГ ГЭЖ ХЭН БЭ-

Тэрээр 1980 оны эхээр төрсөн, өдгөө 37-38 настай нэгэн ажээ. Мөн н.Мөнхцэцэг бүсгүйнх ам бүл 6, нөхөр 4 хүүхэд /саяхан мэндэлсэн хүүгийн хамт/-ийн хамт амьдардаг байна. Өнөөдөр түүний гурван хүүхэд ЕБС-ийн 1-8 дугаар ангид суралцдаг аж. Тэрээр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад боловсрол, мэдлэг олгоход өөрийгөө зориулж яваа, багш мэргэжилтэй нэгэн ажээ. Тодруулбал, н.Мөнхцэцэг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-удад 2006 оноос хойш тасралтгүй 10 гаруй жил багшилж байгаа юм байна. 

Өнөөдөр тэрээр Чингэлтэй дүүрэгт байх ЕБС-д бага ангийн багшаар ажилладаг байна. Тэрээр “тэргүүлэх зэрэг”-тэй багш ажээ. 

н.Мөнхцэцэг бүсгүй анх багш болох гараагаа Архангай аймгаас эхлүүлж байсан бөгөөд өдгөө хамт олон, шавь нарынхаа итгэлийг хүлээсэн чадварлаг багш гэдгийг эх сурвалжууд бидэнд мэдээлж буй юм. Учир нь тэрээр ажиллах хугацаандаа Нийслэлийн монгол хэлний олимпиад, Залуу багш нарын ур чадвар зэрэг улсын чанартай уралдаануудад удаа дараа амжилт үзүүлж байжээ. 

-ЭХ ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ САЙН, ТУСГААРЛАГДАЖ БУЙ ӨРӨӨ НЬ ТУХТАЙ БАЙГАА ГЭВ-

Цахим орчинд н.Мөнхцэцэг бүсгүйг ХӨСҮТ-ийн гаднах шатаар явган алхуулсан, мөн хүйтэн өрөөнд халуун шөл, усгүй байлгаж болзошгүй зэрэг мэдээллүүд цацагдсан бөгөөд бид энэ талаар тухайн эмэгтэйн төрсөн дүүтэй холбогдон тодруулахад “эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа, өрөө нь ч давгүй тухтай байгаа гэж байсан. Ард иргэдийнхээ дэмжлэгийн хүчээр одоо анхаарахгүй бол болохгүй болсон /инээв/. Одоо эх, хүүхэд хоёр шокноосоо гарч, илүү тайвшрах хугацаа хэрэгтэй байна” хэмээсэн юм. 

Харин Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос н.Мөнхцэцэг бүсгүйд тохиолдсон үйл явдалд шалгалт хийсэн талаар мэдээлсэн. Тус мэдээлэлд “ХӨСҮТ-ийн онцгой хяналтад эх хүүхэд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээлэл өгсөн. Өнөө өглөө /2021.01.20/ аав нь эх хүүхэд хоёртоо хамт тусгаарлагдсан. Хоёр цаг тутам шар будаатай цай, хонины шөл өгч,  ЭХЭМҮТ болон Нэгдүгээр төрөхөөс нярай эмч нар очиж, тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл н.Мөнхцэцэг бүсгүй саяхан мэндэлсэн шинэ хүүдээ “Хүрэлсүх” хэмээх нэрийг өгсөн бөгөөд, хүү түүний "Алдарт эхийн одон"-ийн хүүхэд болон мэндэлжээ. 




Өнөөдөр луу өдөр

29 минутын өмнө