Хулгайлагдсан нэрт уран зургийг цагдаа нар санаандгүй байдлаар илрүүлжээ

Хулгайлагдсан нэрт уран зургийг цагдаа нар санаандгүй байдлаар илрүүлжээ

Нэрт зураач Леонардо да Винчигийн "Аврагч Мунди" уран зургийн хуулбарыг Неаполь дахь музейгээс хулгайлсан байсныг Италийн цагдаа нар олжээ. Тус зургийн эх хувилбар нь дэлхийн хамгийн үнэтэй уран зургийн нэгд тооцогддог. Харин Неаполийн музейд хадгалагдаж байсныг нь Леонардо да Винчигийн шавь нарын нэг нь зурсан гэж үздэг. Сэргэн мандалтын үед зурсан уг бүтээлийг цагдаа нар Италийн нэгэн хотод нэгжлэг хийх үеэрээ санамсаргүй байдлаар илрүүлжээ. 

Улмаар хулгайлагдсан эд зүйлийг хүлээн авсан байж болзошгүй 36 настай эрэгтэйг баривчилжээ. Хачирхалтай нь музейн сан хөмрөгөөс тус уран зургийг алдагдсаныг ажилчид нь мэдээгүй байсан аж.  

Хэдийгээр хулгайлагдсан "Аврагч Мунди"-ийн уг хуулбарыг хэн зурсан нь тодорхойгүй ч 1510-аад оны сүүлч үеэр Леонардо да Винчигийн шавь нарын  нэг нь зурсан гэдгийг судлаачид баталдаг.

Энэхүү уран бүтээл 2019 онд Италийн үзэсгэлэнд богино хугацаанд тавигдаж байсан бөгөөд үзэсгэлэнгийн товхимолд зураачийн "гайхамшигтай" хуулбар гэж тэмдэглэгдсэн байдаг. Харин Неаполийн музейд өнгөрсөн оны нэгдүгээр сард буцааж авч иржээ. Цагдаа нар одоогоор тус зургийг хэзээ музейгээс алдагдсаныг тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 

Эх сурвалж: BBC