Европын Комисс Монгол улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоол баталжээ. Манай улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр, ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас мөн сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс санхүүгийн хоригтой байсан 3 жагсаалтаас гарсан гэсэн үг юм.
Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.
Европын комиссоос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хууль тогтоомж, институцийн хүрээнд стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улсыг тодорхойлохдоо дараах шалгуурыг баримталдаг. Үүнд:
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцож буй байдал;
- Санхүүгийн систем дэх хэрэглэгчийн талаарх мэдээллийг нягтлан шалгах болонхолбогдох бүртгэлд тавигдаж буй нөхцөл шаардлагын түвшин;
- Сэжигтэй гүйлгээг мэдээлэх үйл ажиллагаа;
- Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл авах, солилцох байдал;
- Холбогдох байгууллагуудын эрх хэмжээ, процедур;
- Олон улсын хамтын ажиллагааны туршлага;
- Шийтгэл, хариуцлагын тогтолцооны үр дүнтэй байдал зэрэг ордог.
ФАТФ-ын жагсаалтыг Европын Комиссын хувьд суурь түвшин гэж үздэг тул Европын Холбооны жагсаалтыг ФАТФ-ын жагсаалт шинэчилэгдэн гарснаас хойш нэг сарын дараа шинэчлэн гаргадаг. ФАТФ-аас өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой стратегийн дутагдалтай (саарал жагсаалт) улс гэж тодорхойлж байсан юм.