“Монгол” нэрийг хараалын үг болгон ашигласан тамирчны ивээн тэтгэгч компани уучлалт гуйжээ

“Монгол” нэрийг хараалын үг болгон ашигласан тамирчны ивээн тэтгэгч компани уучлалт гуйжээ

Өнгөрсөн долоо хоногт Португальд болсон “Formula One World Championship” уралдааны дараа “Red Bull” багийн тамирчин, Нидерландын Макс Верстаппен бусдыг гутаан доромжлохдоо “Монгол” гэсэн үгийг ашигласан нь ихээхэн маргаан үүсгээд байсан билээ.

Тэрбээр Портимаогийн зам дээр бэлтгэл хийхдээ өрсөлдөгч тамирчин Лэнс Строллтой мөргөлдсөн юм. Энэхүү ослын дараа Верстаппен радиогоор өрсөлдөгч тамирчин руугаа дайрч давшлахдаа “What a retard. What a mongol” гэж харааж зүхсэн байдаг.

Энэ явдлын дараа Монгол улсаас НҮБ болон Дэлхийн Худалдааны Байгууллагад суудаг элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэн тамирчны харьяалагддаг Red Bull багийн удирдлагууд, ивээн тэтгэгчид, түншүүдэд уучлал гуйхыг шаардсан захидал илгээсэн юм. Тэгвэл саяхан Red Bull компанийн техникийн түншүүдийн нэг Германы Сиеменс компаниас Л.Пүрэвсүрэнд хариу захидал ирүүлжээ.

Захидалдаа Сиеменс компани аливаа хувь хүн, бүлэг хүмүүсийг угсаа гарал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, доромжлох явдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд болсон явдалд санаа зовж буйгаа Red Bull багт тодорхой илэрхийлсэн тухай мэдээлсэн байна. Үүний үр дүнд Red Bull баг дахин ийм явдал гаргахгүй байх арга хэмжээг авч, тамирчин Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан тухай мэдэгджээ.

Монгол улсын соёлын элч Ж. Өнөрмаа твиттер хуудсандаа Монголын засгийн газрын захидалд хариу илрүүлсэн Сиеменс компанид талархал илэрхийлсэн боловч Нидерландын тамирчин өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө уучлал гуйгаагүй байгааг бичсэн байна. Мөн “Макс Верстаппен олон нийтийн өмнө уучлал гуйсан гэх мэдээлэл үнэнд нийцэхгүй байна. Монгол улсын засгийн газар уучлал гуйхыг нь одоо болтол хүлээж байгаа” гэж Ж.Өнөрмаа Британийн formula1news сайтад ярьжээ.