Хэнтий аймагт 900 хүн самарт явж байгаад хөл, хорионд орж ууланд гацжээ

Хэнтий аймагт 900 хүн самарт явж байгаад хөл, хорионд орж ууланд гацжээ

Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл, хориог 14 хоног тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу машин болон явган замын хөдөлгөөнийг хориод байгаа билээ.

-НУТГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛСАН УУ-

Гэнэтийн хөл, хориог тогтоосонтой холбоотойгоор хөдөөнөөс ирээд хотод, хотоос хөдөө ажил, албаар явсан хүмүүс байгаа газартаа гацсан учир гэртээ харих хүсэлтийг холбогдох албаныханд өгч буй. Улсын онцгой комиссоос эдгээр хүмүүсийн асуудлыг удахгүй шийдвэрлэнэ, түр хүлээж байхыг анхааруулж байгаа юм.

Тухайбал, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл  болон Улаанбаатар хотын ойролцоох ууланд самарт явж байсан олон иргэн гацжээ. Тэдний хувьд хоол, хүнс нь дуусч нөхцөл байдал нь хүндэрсэн гэх шалтгаанаар гэртээ очих хүсэлтийг уламжилж байгаа аж.

Ганц жишээ дурдахад, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр зэрэг хоёр суманд самарч явж байгаад гацаад буй нийт 900 хүн байгаа бөгөөд тэдний асуудал хүндэрсэн талаар тус нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Эдгээр иргэд ирэх гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл самар түүх зөвшөөрөлтэй байсан аж.

Энэ жил тус аймгийн удирдлагууд Батширээт, Өмнөдэлгэр суманд үйлдвэрийн зориулалтаар 1960 тонн самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгожээ.

Энэ дагуу Батширээт суманд үйлдвэрийн зориулалтаар 1000 тонн самар бэлтгэхээр 15 аж, ахуй нэгж ажиллаж байгаа аж. Тэд орон нутгийн төсөвт 800 сая төгрөг төвлөрүүлэхээс 784 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Харин Өмнөдэлгэр сумын тухайд 950 тонн самрыг үйлдвэрийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдсоноос найман аж, ахуй нэгж 460 тонн самар бэлтгэж орон нутгийн төсөвт 368 сая төгрөг төвлөрүүсэн байна. Гэтэл эдгээр иргэд хүнд байдалд орж хоол, хүнсгүй болсон учир аймгийн удирдлагууд болон бусад хүмүүсээс тусламж ирж байгаа аж.

-ХЭНТИЙД ИЛЭРСЭН ХОЁР СЭЖИГТЭЙ ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРАХ ХҮРТЭЛ 900 ИРГЭНИЙГ ОРУУЛАХГҮЙ ЮУ-

Хэнтий аймагт өчигдөр хулгайн замаар очсон нутгийн хоёр иргэнээс эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Шинжилгээг илүү нягтлахаар PCR шинжилгээг авсан бөгөөд хариуг хүлээж буй. Уг шинжилгээний хариуг гартал ямартай ч дээрх 900 иргэнийг ууландаа хүлээж байхыг зөвлөсөн бололтой.

Тус аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний улмаас бүх суманд дэлгүүр, шатахуун түгээх станц, аймгийн төвд ус түгээх байруудыг хаагаад байгаа аж. Үүнээс болж мөн хүнс нөөцөлж чадаагүй зарим айл, өрх хоолгүй болж буй талаараа ч бидэнд учирласан юм.

ДҮГНЭЛТ: Гэхдээ самар түүх зөвшөөрөлтэй нэрээр иргэд байгаль сүйтгэх, зөвшөөрөлгүй мод бэлтгэх, архидан согтуурч хэрэг төвөг гаргах олон үйлдлийг гаргаж буй талаар Хэнтий аймгийн байгаль хамгаалагчид ярьжээ. Иргэдийн хувьд самрын орлогын тодорхой хувийг орон нутагт тушаадаг ч голчлон хятадуудад борлуулж мөнгө олж буй. Мөн иргэдийг хятадууд санхүүжүүлж самарт явуулсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. Тэгэхээр байгаль сүйдэж, ан амьтан өлбөрч үхэхэд хүргэх эрсдэл бүхий шийдвэрийг багахан мөнгөний төлөө нутгийн удирдлагууд гаргаж иргэдийг эрсдэлд оруулжээ. Мөн тэд энэ их зөвшөөрлийг хэнийг захиалгаар, ямар зорилгоор өгсөн талаар бид эргэн мэдээллэх болно.




Өнөөдөр луу өдөр

56 минутын өмнө