Манай улсын хувьд аялагчид, жуулчдыг татдаг оргил цаг нь зургадугаар сараас есдүгээр сар хүртэл богино хугацаа юм. Ялангуяа долдугаар сард буюу үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор гадаадын цөөнгүй жуулчид Монголыг зорин ирдэг. Жилийн жилд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна гэсэн том том төлөвлөгөө гаргаж ирж ярьдаг.
Харамсалтай нь хөрсөн дээр бууж хэрэгжиж байгаа нь тун цөөхөн. Одоо ирж байгаа хэдэн жуулчдын ая тухтай байдал, үзэх харах юмтай байлгах тал дээр анхаарал хандуулж сайжирсан зүйлгүй, бахь байдгаараа.
Нийт жуулчдын 40 гаруй хувь нь зуны улиралд ирдэг. Тэдний олонх нь Монголын хээрээр гэр хийж яваад буцдаг аж.
Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Наадмаар гадаадын аялагчид, жуулчдад зориулаад юу үзүүлж харуулах вэ гэдэг хамгийн чухал асуудал болдог. Энэ жилийн хувьд “Гадаадын жуулчдад” гэсэн тодотголтой “Дээлтэй Монгол” наадам, “Naadam night” шоунаас өөр тодотголтой зүйл байсангүй.
Мөн наадмын нээлтийг үзүүлж сонирхуулах зорилгоор “жуулчдад” гэсэн тодотголтой тусгайлсан суудал, тасалбар борлуулдаг. Гэтэл нээлтийн үеэр хэлсэн Наадмын нээлт болоод Ерөнхийлөгчийнхөө үгийг англи тайлбартайгаар хүргэх соёл дутагдалтай байв. Өнөөдөр 21-р зууны даяаршсан нийгэм хэмээн ярьцгаадаг ч төрийн тэргүүнийхээ үгийг наадам сонирхсон гадаад иргэдэд хүргэх санаачилга байсангүй.
Нээлтэд зориулан үг хэлж буй Ерөнхийлөгчийг харсан жуулчид “Тэр яг юу ярьж байгаа юм бол, урлаг соёлын хүн л үг хэлж буй бололтой” хэмээн ярьж байх жишээтэй.
Энэ мэт НЭЭЛТИЙН утга, агуулгыг нь сайн ойлгохгүй асуудал жилийн жилд гардаг. Иймд салбар яамнаас гадаадын жуулчдад зориулж, “Naadam night” шоу тоглолтоо англи тайлбартайгаар дахин зохион байгуулж, наадмын нээлтийн тоглолтыг дахин тоглосон гэх. Нээлтэд ойлгуулаагүй зүйлээ шоу тоглолтоор хялбархан нөхчихөж байх жишээтэй.
Түүнчлэн аялал жуулчлалын ид оргил өдрүүдэд томоохон худалдааны төв, музей, театр, дэлгүүр гээд бүгд “хаалгаа барьчихдаг” нь харамсалтай юм.