Ерөнхийлөгч Х.Баттулга СҮРЖИГНЭЛЭЭ ЗОГСОО гэж У.Хүрэлсүхэд хандаж хэлсэн үү

Ерөнхийлөгч Х.Баттулга СҮРЖИГНЭЛЭЭ ЗОГСОО гэж У.Хүрэлсүхэд хандаж хэлсэн үү

-ЗАСГИЙН ГАЗАР ӨР НЭМСЭН-

Өчигдөр /2020.10.01/ УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд үг хэлэхдээ шинэ гишүүдэд хандан, шүүмжлэлийн үг дайсан нь олны анхаарлыг татаж байна. Нөгөөтэйгүүр үгэн дотор үг, үхэр дотор тугал гэгчээр түүний хөндөж хэлсэн асуудал бүр Засгийн газар руу чиглэжээ.

Өөрөөр хэлбэл, тэрбээр шинэ гишүүдээр халхавчлан Засгийн газрын үйл ажиллагаанд бүр цаашилбал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.  

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Цар тахлын улмаас бидний амсаж буй гол хохирол бол экспортын орлогоо алдсан явдал юм. Импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн, ийм л улс боллоо. Төсвийн сахилга бат гэж зүйл үндсэндээ алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ” гэж хэлсэн.

Гэтэл экспортын орлогыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн цогцолбор барих, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын л үүрэг юм. Нөгөөтэйгүүр Засгийн газар л зээл горьдож, тусламж хүсч сүүлийн үед өрийг өрөөр дарах үйл ажиллагааг эрчимжүүлж буй билээ. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газар Номад бонд гаргаж Мазаалай бондын өрийг дарна” гэж мэдэгдсэн юм.

Үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга эсэргүүцэж “Өрийг өрөөр дарж буйдаа хөөрцөглөх хэрэггүй” хэмээн өчигдөр хэллээ.

-У.ХҮРЭЛСҮХ БҮХ ТӨРЛИЙН ХАЛАМЖИЙГ НЭМЖ БУЙГ
СҮР ДУУЛИАНТАЙГААР МЭДЭГДСЭН-

Цаашлаад тэрбээр “Жирийн иргэд халамж биш, ажлын байрыг л хүсэж байна. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ” гэж хэлсэн.

Бүхий л төрлийн халамжийг нэмэх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүр дуулиантайгаар мэдэгдэж байв. Хүүхдийн мөнгө, өрх толгойлсон эцэг, эхийн халамж, хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийн халамж гэх мэт бүхий л нийгмийн халамжийн мөнгийг нэмсэн бөгөөд уг үйл ажиллагаа 2021 он гартал үргэлжлэхээр байгаа юм.

Харин үүүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжилж халамжаа нэмэхийн оронд ажлын байраа бий болгооч хэмээн хэлсэн нь энэ юм.

-ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-ЫГ ШҮҮМЖИЛСЭН НЬ
ЯМАР УЧИРТАЙ ВЭ-

Тэрбээр мөн “2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа. Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр.  Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье” гэж хэлсэн нь бүхэлдээ Засгийн газрын үйл ажиллагаа түүн дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бодлогыг шүүмжилж буй илэрхийлэл юм.

Үнэхээр л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газар тодотгол хийлгүй гүрийж цаг алдан төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлсэн юм.

Мөн Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ гэж хэлсэн нь У.Хүрэлсүх намаа болон Засгийн газраа буруу удирдаад байна, эрх баригч нам улс орныг доройтуулж байна шүү гэдгийг илэрхийлж буй хэлбэр юм.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ыг даргатай нь ингэж буруутгаж, шүүмжлээгүй. Харин орон нутгийн сонгуулийн өмнө ингэж ярьж буй нь яалт ч үгүй Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг муудалцсаныг илтгэнэ. УИХ-ын сонгууль дуустал Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвтэй, найртай энх тунх оршин байсан. Харин сүүлийн өдрүүдэд тэднийг муудалцаж, хоёр талдаа гарсан тухай яриа үнэн болж таарав.

Тэд чухам ямар асуудлаас болж муудалцав. УИХ-ын сонгуулийн өмнө Х.Баттулга, У.Хүрэлсүх нар тохирч, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд бие, биенээ дэмжинэ хэмээн тохирсон гэдэг.

Тодруулбал, У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх талаас нь дэмжиж, өрсөлдөгчөөр нь МАН-аас сул хүн томилж зориудаар ялагдуулна гэж тохирсон гэх. Гэтэл У.Хүрэлсүх Х.Баттулгатай тохирсон дээрх тохирооноосоо буцаж Ерөнхийлөгчийн сонгуульд хүё үзэхээр сэм бэлдэж эхэлсэн нь тэднийг хоёр тийш харахад хүргэсэн гэх мэдээлэл бий билээ.