М.Энхсайханы хүү Э.Батзул: Эх орноо зарж буй явдал биш, энгийн нэг бизнес хэлцэл байсан

М.Энхсайханы хүү Э.Батзул: Эх орноо зарж буй явдал биш, энгийн нэг бизнес хэлцэл байсан

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноосон билээ. Мөн түүний нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэх 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Харин хэд хоногийн өмнө Paparazzi.mn сайт сайд асан М.Энхсайхан 10 сая ам.долларт манай улсын зарим лицензыг БНХАУ-ын зарим иргэдэд зарсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн. Тус бичлэгт М.Энхсайхан, түүний хүү гэх Э.Батзул, БНХАУ-ын иргэн Шүн нар байх бөгөөд, бичлэгт  орчуулагчаар дамжуулан БНХАУ-ын нэгэн иргэн “10 сая ам.доллар миний бизнесийн хэмжээнд хамгийн их мөнгө оруулж байгаа хэрэг биш, хамгийн гол нь сайд таны албан тушаалтай хамтран ажиллах бол миний гол зорилго байгаа юм” гэж орчуулга хийсэн байдаг.

Тэгвэл М.Энхсайханы хүү Э.Батзул өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тус бичлэгний талаар тайлбар хийсэн байна. Тэрээр “Энэ бол 2012 оны үйл явдал. Энэ үед би төрийн албан тушаал хашиж байгаагүй үе л дээ. Надад дуу оруулж 10 сая доллар гэж хэлж байгаа хүнд баярлалаа. Тийм их мөнгийг ингэж сууж байгаад шийддэггүй байх. Хайгуулын өрөмдлөгийн зардлын 100 мянган долларын дүн яригдаад хийгдсэн, гэвч хайгуул амжилтгүй болсон байдаг. Эх орноо зарна гэж яг яадгыг мэдэхгүй юм байна. Энгийн нэг бизнес хэлцэл л байсан. Хөрөнгө оруулагч татаад хайгуулаа олж чадаагүй гэвэл илүү үнэнд ойр. Бүх юм баримт нотолгоотой. Энэ бичлэгийг хөрөнгө оруулагч тал өөрсдөө хийж байсан. Мөнгөө оруулж байгаа хүмүүс бүх юмыг баримтжуулж авна гэж бодсон байх.  Харин энэ бичлэгийг хэн тэд нараас авч задлав гэвэл нэг л зүг рүү заана” хэмээн бичжээ.