У.Хүрэлсүх: Улсын филормани, морин хуурын чуулгын хөгжим, хэрэгслийг шинэчлэхээр 2 тэрбум төгрөгийг шийднэ

У.Хүрэлсүх: Улсын филормани, морин хуурын чуулгын хөгжим, хэрэгслийг шинэчлэхээр 2 тэрбум төгрөгийг шийднэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллалаа.

Соёл, урлагийн газрууд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн буусантай холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж, бэлтгэл сургуулилт, үзвэр үйлчилгээгээ жигдрүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 20 гаруй жилд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалтыг Соёл, урлагийн салбарт оруулж, бодлогоор удирдан чиглүүлэх Соёлын яамыг байгуулаад байна. Тус салбарт 2019-2020 онд нийт 144,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан.

Улсын филармонийн симфони, оркестрын хөгжим, хэрэгсэл, Морин хуурын чуулгын морин хуур, ятга, цохилуурт хөгжмийг шинэчлэх, уран бүтээлчдийн бэлтгэлийн танхим, хувцасны өрөөг засварлах гээд нийт хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа талаар Филармонийн удирдлага танилцуулсан. Уг шаардлагатай төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, санхүүжилтийг олгохоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэв. 2021 онд Монгол Улсын филармони байгуулагдсны 50 жилийн ой тохиож байна.

Соёлын сайд С.Чулуун үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд дараах 10 үүрэг даалгаврыг чиглэл болгов.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар соёл, урлагийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна. Түүний нэг илрэл нь бодлогоор хөгжүүлэх Соёлын яамыг 26 жилийн дараа дахин эмхлэн байгуулж буй явдал. Байгуулах нэг хэрэг, одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж үр дүн гаргах нь чухал. Иймд дараах зорилтуудыг чухалчлан хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна гэв.

  • Соёлын үйлчилгээний чанар стандартыг шинэ шатанд гаргах
  • Цахим соёлын санг бүрдүүлэх
  • Үндэсний контентуудыг бэлдэх
  • Үндэсний агуулгатай инноваци шингэсэн бүтээл туурвих
  • Иргэдийг соён гэгээрүүлэх, урлаг соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Чадварлаг хүний нөөц бүрдүүлэх
  • Соёлын үнэт өвүүдийг бүтээх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах
  • Нүүдлийн соёл, уламжлалыг хадгалах, түүнд тулгуурласан аялал жулчлалын бренд бүтээгдэхүүн бий болгох
  • Салбарын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох зэрэг бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.