“Төрийн байгууллагууд цааснаас татгалзаж эхэлнэ”

“Төрийн байгууллагууд цааснаас татгалзаж эхэлнэ”

Өнөөдөр /2020.9.28/ УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Алсын Хараа 2050”  Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн төр хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж батлаад байна. Энэ бол Монгол Улс цаашдын цоо шинэ 30 жилд цахим засаглал буюу ухаалаг төрийн тогтолцоог бий болгож, иргэндээ дарамт учруулдаг биш иргэддээ үйлчлэх үндсэн чиг үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө хийж буй алхам юм.

Уг зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа 3 үе шат болгон төлөвлөсөн бөгөөд 2020-2030 оны хооронд Үр Дүнтэй цахим засаглалыг, дараагийн 10 жилд Үр Нөлөөтэй цахим засаглалыг, сүүлийн 10 жилд үндсэн зорилго болох Иргэн төвтэй цахим засаглалыг бий болгохоор төлөвлөөд байна.

Уг зорилго зорилтын хүрээнд нэн тэргүүний авах ёстой арга хэмжээ бол мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх шаардлагатай байна. Алсын Хараа 2050 Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийн Зорилт 5.3-ийн 1-р хэсгийн 4 дүгээрт: “Төрийн байгууллагууд хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээлэл, солилцоо сайжирч, захиргааны зардлыг бууруулж, үйлчилгээний үр дүнг сайжруулах” гэж тодорхой тусган заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газар энэхүү чиглэлийн хүрээнд 2020 оны 106 тоот тогтоолоороо “Улсын үзлэгийн мөрөөр авах арга хэмжээг тодорхойлсон байдаг. Уг тогтоолын 4 дүгээрт “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах”-ыг даалгасны дагуу өнгөрсөн хугацаанд Харилцаа Холбоо Мэдээллийн технологийн газрын дарга, Архивын ерөнхий газрын даргын хамтарсан А52, А-47 дугаар тушаалаар байгууллагын цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангахад зөвлөмж өгөх ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан байна.

Төрийн бүх шатны байгууллагууд гэхэд л нэг өдөрт 500 - 600 боодол буюу 250-300 мянган хуудас цаас ашиглаж байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад наанадаж байгаль экологид сөрөг нөлөөг төдий хэмжээгээр үзүүлж байгаа бол, цаанадаж төрийн албан хаагчдын ажлын ачаалал, бүтээмжийн хоргодол, түүн дээрээс үүдсэн төрийн албаны хүндрэл чирэгдэл гэсэн асуудлуудыг шууд нөлөөллөөр бий болгож байна.

Тиймээс Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд бид энэхүү зорилго зорилтынхоо төлөө гар хумхилгүй ажиллах шаардлага бидний өмнө тулгараад байна. 21 дүгээр зуун бол “ХУРД”-ны зуун. Хурдыг бүтээмж дагадаг. Тиймээс бид бүтээмж өндөртэй байя гэвэл, хурдыг эрхэмлэх шаардлагатай юмаа. Хурдыг бид гагцхүү цахим дээр суурилсан ухаалаг, баталгаатай, зөв цогц шийдэлтэй, орчин үеийн технологийн ачаар бий болгох талаар яамд бүрийн төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөллүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Тун удахгүй төрийн 186 төрлийн үйлчилгээг иргэдэд цахимаар олгох “И-Монголиа” платформ ашиглалтанд орно. Ингэснээр иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл тодорхой хэмжээгээр багасах юм. Үүнтэй зэрэгцүүлэн төрийн албан байгууллага дээр ашиглагддаг цаасан бүх төрлийн ажиллагааг цахимд шилжүүлэх ажлыг яаравчлах шаардлагатай байна.