НИТХ: МАН худ ураг, хуурай ах дүү, туслах, зөвлөхүүдээ НЭР ДЭВШҮҮЛЭВ

НИТХ: МАН худ ураг, хуурай ах дүү, туслах, зөвлөхүүдээ НЭР ДЭВШҮҮЛЭВ

-АН: НЭРСЭЭ ЭЦСИЙН БАЙДЛААР ЦЭГЦЭЛЖ БАЙНА.
УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛНА-

Өнгөрсөн ням гаригт буюу хуулийн хугацаандаа /2020.09.06/ нийслэлийн МАН, АН хуралдаж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар НИТХ-д нэр дэвшүүлэх 45 гишүүнийхээ нэрийг өчигдөр олон нийтэд танилцуулсан бол АН албан ёсоор зарлах болоогүй гэх тайлбарыг хийж байна.

Тодруулбал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдагва “Нэрсээ эцсийн байдлаар тулган цэгцэлж байна. Үүний дараа нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө” гэж бидэнд хэллээ.

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ХҮРГЭН, Д.СУМЪЯАБАЗАРЫН
БАЗ НЭР ДЭВШЖЭЭ-

Харин МАН-ын гаргасан жагсаалтыг харвал боловсрол, мэдлэг туршлагаар цойлох залуучуудаа бус хар багаасаа нам дагаж, цүнх барьж гүйсэн даргын зөвлөх, туслах, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч сэтэртэй хэдэн залуу, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, Д.Сумъяабазарын баз, бас бус найз нөхөд нь,  дүүргийн ганц хоёр Засаг дарга л нэр дэвшжээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. Түүний хувьд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна.

Харин Д.Сумъяабазарын баз Г.Төгөлдөрийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Гүр-Аранзын хүү юм. Тэрбээр мөн л НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй гэрлэжээ.

2015 онд Д.Сумъяабазар, Д.Дагвардорж нарын үүсгэн байгуулсан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад баз ахынхаа дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байсан байна.

Цаашлаад УИХ-ын дарга Г.Занданшатарын хэвлэлийн зөвлөх З.Төмөртөөмөө, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зөвлөх асан Б.Сэргэлэнбаатар, УИХ-ын гишүүний туслах М.Говьсайхан, Ш.Батбаяр гэх мэт залуус нэр дэвшжээ.  Уг жагсаалтыг харсан МАН-ынхан “Маш сул жагсаалт” гэдэг ерөнхий дүгнэлтийг өөр, хоорондоо хэлж, ярьж явна. Тэд хэлэхдээ “Намын удирдлагуудын үгнээс гардаггүй кноп дарах хэдэн залуусыг л сонгосон байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна.  

-Д.СУМЪЯАБАЗАР ХҮМҮҮСЭЭ “ШАХЖЭЭ”. СОНГИНЫ ФРАКЦ
ХҮЧЭЭ ЗУЗААТГАХ УУ-

Нийслэлийн МАН нэр дэвшигчдээ дотоод ардчилалын зарчмаар сонгосон гэж буй ч гомдогчид их байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын эрх мэдлээ ашиглан ихэнх нэр дэвшигчдээ сонгожээ. Тэгэхээр юу үнэн Д.Сумъяабазартай найз нөхөд, ойр дотно хүмүүс сонгогдсон нь үнэн байж таарах нь.

Мөн НИТХ-д одоо ажиллаж буй ихэнх гишүүдийг дахин нэр дэвшүүлээгүй бөгөөд Хотын даргын үүргийг гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан зэрэг нэр бүхий төлөөлөгч нар нар арай хийн нэрээ оруулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Жагсаалтаас харвал НИТХ-ийн 10 төлөөлөгч л дахин нэр дэвших эрхээ авчээ.

Манай сайт өмнө нь НИТХ-д нэр дэвшүүлэх асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар муудалцаж тус, тусдаа нэрсийн жагсаалт гаргасан тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа Д.Сумъяабазар нь дийлж ихэнх тойрогт өөрийн хүмүүсийг дэвшүүлэхээр болсон нь энэ аж. Харин Д.Амарбаясгалан цөөн хэдэн хүнээ У.Хүрэлсүхээр хэлүүлж байж оруулсан гэх мэдээлэл байгаа юм.

Сонирхуулахад, УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан энэ удаа НИТХ-д өрсөлдөхөөр болжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Батсүмбэрэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар өрсөлдөх нь.

Мөн нэрсийн жагсаалтыг харвал Сонгинохайрхан дүүрэгт Ж.Сандагсүрэн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай гэх мэт ихэнхдээ Д.Сумъяабазарын улс төрийн багийнхан дэвшсэн байна.

Ямартай ч ирэх дөрвөн жилд Улаанбаатарыг удирдахад МАН-аас санал болгосон 45 нэр дэвшигчийн хувьд “маш сул” гэх дүгнэлтийг иргэдээс аваад байна.




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө