П.Нүрзэд: Ардчилсан нам яг үнэнээсээ шинэчлэгдэнэ

П.Нүрзэд: Ардчилсан нам яг үнэнээсээ шинэчлэгдэнэ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй ярилцлаа.

ТҮҮНИЙГ ЯРИЛЦЛАГЫГ СОНСОХ: 

-ЕРӨНХИЙЛӨГЧ БИД ХОЁР ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ,
ОЛОН ЖИЛИЙН ХАРИЛЦААТАЙ-

-Та УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшиж ялагдсаныхаа дараа Ардчилсан намын Хэрэг, эрхлэх газрын даргаар томилогдлоо. Дараалсан ялагдлын дараа лидергүй, унтаа байдалтай, гишүүд нь бие, биенээ хэмлэсэн үед албан тушаал хашихаар намдаа ирэх үеийн сэтгэл зүй ямар байв. Мөн хэн таныг дэмжиж энэ албан тушаалд томилуулсан бэ?   

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу. Миний хувьд УИХ-ын сонгуульд анх удаа өрсөлдлөө. Ардчилсан намынхаа залуусыг төлөөлж Баянхонгор аймагтаа өрсөлдөж 18500 сонгогчийн саналыг авсан. Энэ нь миний хувьд маш том амжилт. Баянхонгор аймгийн маш олон сонгогч надад итгэсэн. Тэгэхээр уг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй цааш ажиллах нь зорилго минь юм. Ялагдсан цагт албан тушаалд томилогдох нь хэцүү. Ялсан үед бүх зүйл сайхан шүү дээ. Харин одоо бол ялагдсан үе. Бүх зүйл шинээр эхэлж байна.Үнэлэмжээрээ ханддаг хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн, гишүүд дэмжигчдийн урам нь гундуу байна. Ийм л цаг үед Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Ардчилсан намын шилжилтийн үе, хүнд хэцүү цагт уг ажлыг авсан нь миний үүрэг байсан. Ажил хийхэд түмэн бэрхшээл бий. Гэхдээ давж гарна.

-Таныг хэн дэмжиж уг албан тушаалд томилсон юм бэ гэж асууж буй нь учиртай. Ардчилсан нам дотор таныг Ерөнхийлөгчийн “хүн” гэдэг. Учир нь та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх, орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгчийн дэмжлэгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Энэ удаа ч мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж таныг Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар томилуулсан уу?

Та бүхэн миний намтар, түүхийг уншаарай. Миний хувьд хар багаасаа Ардчилсан намын төлөө анхан шатнаас нь эхэлж ажилласан. Үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж яваа жирийн л нэг залуу. Би Төв намын орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан хийж байсан. Ардчилсан залуучуудын орон нутаг хариуцсан ажлыг ч хийж байсан. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргын ажлыг хийсэн. Ажил, албан тушаалаас илүүтэй энэ намын цаашдын замнал зөв байх эх үүсвэрийг тавих нөхцөлийг л бүрдүүлэх чухал. Ялалтыг бий болгохын тулд ялахын төлөөх үндэс суурийг зөв тавьж өгөх ёстой юм. Өнөөдөр хийх ажил их байна. Би Ардчилсан үзэл, санааг тууштай дэмждэг жирийн л нэг залуу. П.Нүрзэд гэдэг хүний намтар, түүхийг судлаад түүгээрээ нийтлэл гаргавал илүү сонирхолтой байх. Ялагдлын дараа энэ албан тушаалыг хаших хүн цөөн байх. Гэхдээ миний хувьд айж эмээж, хойш суух шалтгаан үгүй. Ардчилсан намаас надад санал тавьсаны дагуу тус ажлыг хийж байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн биш гэх хариултыг өгч байна гэж ойлгох уу?

-Ерөнхийлөгчийн хүн биш, мөн гэж хариулахад төвөгтэй юм. Бид хамтарч ажилладаг. Олон жилийн харилцаатай, нэг нутгийн хүмүүс.

-Таны Ерөнхийлөгчтэй харилцах харилцаа, Ардчилсан намын хэрэг эрхлэх газрыг удирдах хоёр тусдаа. Яагаад Ардчилсан намын гишүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар барьж байгаа гэх төмөр замын ажилтай танилцуулаад байгаа юм. Та удирдамж гаргаад намаас мөнгийг нь төлөөд Ардчилсан намын гишүүдийг Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын ажилтай танилцуулсан л байсан шүү дээ. Ерөнхийлөгч бол нам бус шүү дээ?  

-Монголын ард түмний эв нэгдлийг хангагч, ерөнхийлөгчийн санаачилгаар хийсэн ажлыг цөөн тооны гишүүндээ үзүүлсэн байх. Дорноговь аймгийн аялал. Дунд нь энгийн иргэд олон бий шүү дээ. Манай намаас төлөөлөл болж цөөн хүн явсан байх.

-Намын мөнгийг зарлагадаж гишүүдээ тийш явуулах ямар шаардлагатай юм бэ. Зорилго нь юу юм бэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаа юм уу?                                                            

-Говийн бүсийн аймгуудын гишүүд маань жил бүр тэр бүс нутгаараа аялдаг.  Хамрын хийдээрээ аялдаг гэсэн үг. Уламжлалт ажил. Зүүн бүсийнхэн ч мөн аялдаг. Энэ хүрээнд л явсан. Улирал нь ч таарсан.

-Намын гишүүдийг төмөр замын барилгын ажилтай танилцуулах удирдамж, маршрут гаргаснаас харвал та генсекийн эрх мэдэлтэй хүн шиг л аягласан байна лээ. Ер нь танай Хэрэг эрхлэхийн дарга, генсек хоёр юугаараа ялгаатай  вэ?

-Хэрэг, эрхлэх газрын дарга өдөр тутмынхаа бүх ажлыг хариуцдаг. Намынхаа гал тогоог л хариуцдаг гэсэн үг. Яг одоогийн байдлаар Ардчилсан нам ерөнхий нарийн бичгийн даргагүй байгаа юм. Тиймээс би ажиллаж байна. Хэрэг, эрхлэх газрын дарга нь генсекийнхээ дор ажилладаг.

-ГОНШИГНОХГҮЙ ХЭЛЭХЭД ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ ӨРСӨЛДӨӨН
БОЛСОН ШҮҮ-

-За энэ яриаг дахин дор үргэлжлүүлье. Ардчилсан намын УИХ-д ялагдсан шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

 -Улсын хэмжээнд авсан нийт саналынхаа тоогоор бид хоёрт бичигдсэн. Ард түмний тодорхой хувь нь бидэнд итгэж, найдсаар байна. Өнгөрсөн хугацааны буруутай үйл ажиллагаа, лидерүүдийн ганц, хоёр буруутай үйлдлээс болж тодорхой дүн тавигдаж байсан. Үүнийг үгүйсгэхгүй. 2020 оны УИХ-ын сонгууль маш онцлогтой. Дэлхий дахинд цар тахал тархсан үед сонгуулиа зохион байгуулсан. Мөн тэгш өрсөлдөх боломжоор хангагдаж чадаагүй. Нэр дэвшигчдийн гарааны нөхцөл ижилхэн байгаагүй. Мөн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах байгууллагууд хэт нэг талыг барьсан мэдээллийг явуулж байсан. Цаашлаад эрх баригчид төсвийн мөнгө тэр дундаа халамжийн бодлого хэрэгжүүлж сонгуульд оролцсон. Бидэн шиг орон нутагтаа анх удаа нэр дэвшин өрсөлдсөн залуус төрийн том аппараттай л үзэлцсэн шүү дээ. Энэ мэт алдаа, оноогоо ярих цаг болжээ. Шударга ёс өдрөөс өдөрт биднээс алсарч байна. Худалч нь шударга хүмүүс шиг харагдаж, ойлгогддог болсон байна. Гоншигноогүй дүгнэж хэлэхэд, Нийгмийн ороо, бусгаа цаг үед сонгууль болсон. Хүмүүсийн авсан өндөр санал гэнэт буурах, хөдөлгөөнгүй гацаж байсан. Энэ мэт эргэлзээтэй зүйл бий. Авлигал, хээл хахууль, албан тушаалын наймаа гэх мэт шударга бус зүйл бүртэй бид дуугүй эвлэрдэг болжээ. Сонгогчид маань үүнийгээ олж хараасай. Ардчилсан намд буруу бий юу, бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бүхий л бодлогоор Ардчилсан нам манлайлж ирсэн. Цаашдаа ч тийм байна.

Ер нь Ардчилсан намыг том агуулгаар нь харах хэрэгтэй. Нэг, хоёр хүнээр дүгнэх хэрэггүй. Энэ бол 30 жилийн түүхтэй, Монголын улс төрийн хоёр дахь том хүчин. Бидний хийх ажил, зорьсон зорилго, ард түмэндээ санал болгодог хөтөлбөрүүд ч тодорхой байдаг. Өнгөрсөн хугацаа дахь бүхий л томоохон бодлогын баримт бичгүүдийг Ардчилсан намаас гаргаж байсан. Орон нутгийн сонгууль дөхсөн энэ торгон цаг үед өнгөрсөн бүхнийг эргэн бодоорой. Хэн юу хийж, ямар ажил хэрэгжүүлсэн бэ. Харин эсрэгээрээ хэн нь хэрэлдэж, зодолдож албан тушаал булаацалдсан бэ. Бид өөрчлөлт шинэчлэлт, ард түмний хүссэн ажлыг сайжруулж, тордож ирсэн. Харин МАН албан тушаал зардаг, авлигын хэргийг хийдэг, ЖДҮ, концесс авдаг шүү дээ. Үүнийг л ард түмэн харах хэрэгтэй. Та бидний татвараас бүрдсэн мөнгийг хэдэн дарга нар хувааж хувийн компани руу гаа хийдэг, банкинд хийж дампууруулдаг, тансагладаг, хувьдаа завшдаг л болсон байна шүү дээ. Тиймээс үүнийг ялгаж, салгаж хараасай гэж хүсч байна.

-Орон нутгийн сонгуулиар саналаа өгөөрэй гэж та уриаллаа. Танай нам энэ сонгуульд ямар төлөвлөгөөтэй оролцох юм. Мөн МАХН, ШИНЭ намтай хамтарч оролцох нь илүү амжилттай оролцох баталгаа мөн үү?

-Ардчилалын чиг баримжаатай, Ардчилалын төлөө ажилладаг намууд биеийнхээ саналыг битгий хуваагаач гэж байгаа юм. Тэгэхгүй бол өнгөрсөн сонгуулиар зарим бие даагчид, эвслүүд МАН-ын захиалгаар нэр дэвшээд нэг хэсэг нь мөнгө аваад санал хуваадаг ажил хийсэн.Тэгэхээр МАН-ын ухсан нүх рүү орж, санал хуваадгаа больё, эх орноо гэх үзэл санаатай байя гэж байгаа юм. Яалт ч үгүй тэнцвэр барихгүй бол болохгүй нь. Ер нь энэ намууд Ардчилсан намыг дэмжиж оролцож байна гэж л ойлго.

-АУДИТЫН ШАЛГАЛТ НАМД ОРСОН-

-Яаж хараад МАХН-ыг Ардчилалын чиг баримжаатай гэж байгаа юм бэ. Та хэдийн төлөвлөгөөг сонирхоод байна?

-Үгүй яахав, ШИНЭ нам манай намаас гарсан. МАХН биш ч бусад намууд Ардчилсан намаас тусгаарлагдсан байдаг. Энэ намуудад хандахад, бүгдээрээ том үйлийг хийхийн төлөө нэгдмэл үзэл, санаатай байя гэж уриалмаар байна. Тэр жижиг намууд Ардчилсан намд ирж нэгдэж ажиллах цаг нь болсон. Хамтдаа хөтөлбөр болон бусад ажил дээр хамтарч ажиллая. Өнөөдөр сонгуульд оролцох төлөвлөгөөгөө танилцуулчихвал төлөвлөгөө биш болно шүү дээ. Манай намын аймаг, нийслэл, сумдын намын хороод хуулийн хүрээнд тодорхой зохион байгуулалтын ажлуудаа хийгээд явж байна.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ 30 сая төгрөг хурааж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Одоогоор надад тийм мэдээлэл алга байна.

-Та лоозонгийн шинжтэй шинэчлэлийг хийхгүй гэсэн. Яг ямар шинэчлэлийг хийх төлөвлөгөөтэй байна. Нөгөөтэйгүүр П.Галиндэв, Д.Сүндий нарын гишүүнчлэлийг сэргээсэн үйлдэл тань шинэчлэл шиг харагдахгүй байна?

-Бүх зүйл хоёр талтай. Бие даасан, эрүүл үзэл санаатай олон залууг Ардчилсан намдаа урьж байна. Та бүхэн ирж өөр, өөрийн үзэл саналаа илэрхийл. Бид ч мөн нээлттэй хүлээж авна. Бид ардчилсан үзэл санааг зөвшөөрсөн цаашдаа ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж ажиллах, нэгийгээ сонсдог, олонхийн гаргасан саналыг цөөнх нь дэмждэг зарчмыг зөршөөрөх хүмүүст нээлттэй. Өөрчлөлт, шинэчлэлтийг хийхийг зорьж яваа, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг бүх хүмүүст нээлттэй шүү. Бид Монгол улсыг хөгжүүлэх хөтөлбөрийг гаргана. Хөтөлбөртэйгөө уялдуулж намынхаа шинэчлэлийг хийнэ. Ирээдүйд бид Монгол улсыг хэрхэн, яаж хөгжүүлэхээ л ярина. Түүнээс хэн нэг хүний, даргын тухай ярихгүй. Ардчилсан намд хангалттай боловсон хүчин бий. Боловсон хүчнээ бүрэн, дүүрэн ашиглана.

-БИД ЯГ ҮНЭНЭЭСЭЭ ШИНЭЧЛЭГДЭНЭ-

-Таны өмнө Хэрэг, эрхлэх газрын даргаар ажиллаж байсан н.Одбаяр намын мөнгөөр казино тоглож байгаад баригдаж цагдаад шалгагдаж байгаа гэх мэдээлэл байдаг. Энэ мэт залуусаа яах уу?

-Надад тийм мэдээлэл ирээгүй байна. Аудитаас намд шалгалт хийж байна. Шалгалтын хариу орон нутгийн сонгуулийн дараа гарна.  Хариуцлагыг шударгаар тооцно. Учир нь Ардчилсан нам хэн нэг хүний компани биш. Ардчиллыг дэмжигчдийн өмч юм. Монголын ард түмний эв санааны нэгдэлд тулгуурласан нам. Тиймээс бид цаашдаа санхүүгийн хувьд шилэн болж ард түмэндээ тайлагнадаг болно. Хамгийн чухал нь бид яг үнэнээсээ шинэчлэгдэнэ. Гудамжинд яваа жирийн нэг залууд боломжийг олгоно. Мэдлэг боловсролоороо манлайлж буй залуус болон эрдэмтэн судлаачдад боломжийг олгоно. Боловсрол, эрүүл мэнд гэх мэт бүх салбарт эрс шинэчлэл хийнэ. Шинэчлэх хөтөлбөрөө гаргаж танилцуулна. Түүнийхээ дагуу ажиллана.

-Орон нутгийн сонгуулийн дараа Үндэсний бодлогын хороо, Их хурал хуралдаж намын удирдлагуудаа сонгоно. Энэ хурал Ерөнхийлөгч Х.Баттулгаас хараат бус болж чадах уу?

-Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй хурал болно. Маш олон хүнийг хамруулсан, олон ургалч үзлийг дээдэлсэн хурал болно. Ардчиллын зарчмыг барина, булаацалдаж тэмцэлдэх зүйл алга, фракцлах шаардлага ч үгүй. 30 жилийн алдаа, оноотой нам. Гэхдээ оноо нь их. Бид 30 жилийн түүхэндээ үндэслэн хөгжил, дэвшлийн бодлого боловсруулна. Түүнийхээ төлөө зорьж ажиллана. Улс орноо хөгжүүлнэ. Бодитоор ажил хийнэ. Хөгжил, дэвшлийн хөтөлбөрийг ард түмэндээ санал болгоно. Ард түмний амьдрал улам л дордсоор байна. Сонгуулиар МАН хавтгайгаар нь мөнгө тарааж байна. Тэр мөнгийг дараа нь хаанаас яаж олохыг бодох хэрэгтэй. Мөнгө тарааж байгааг нь мэдсээр байж иргэд дуугүй байна. Тэгэхээр сонгогч нар ухаантай байна байхаа. Бид ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх чиглэлд ажиллана. Ардчилсан намыг дэмжээрэй энэ удаагийн сонгуульд. Бид итгэлийг алдахгүй, хичээнэ.

-АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛ ДАРГААС ЭХЭЛНЭ-

-С.Эрдэнэ дарга ямар алдаа гаргасан юм. Түүнээс өөрөөр одоогийн удирдлагууд яаж ажиллах юм бэ?

-Хамгийн эхэнд дүрэмдээ өөрчлөлт оруулна. Ялдаг дүрэмтэй болно. Ялдаг тоглолтын дүрэмтэй болох ёстой. Ардчилсан намын шинэчлэл даргаасаа эхэлнэ.

-Ямар хүн даргаараа сонгохыг тань анхааралтай харж байя. Даргаар хэнийг сонгохоос шалтгаалж шинэчлэгдэх эсэхийг чинь мэдэж болох байх?

-Нэг хүнээр дүгнэж болохгүй. Бүх гишүүдийнхээ саналаар даргаа сонгоно.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан нь лидерүүдээ өөд нь татаж, нэр дэвшүүлээгүйтэй холбоотой. Орон нутгийн сонгуульд энэ алдаагаа давтах юм биш биз дээ. Үнэхээр чадварлаг залуусаа дэмжиж чадах уу?

-Нэр дэвшигчдэд учир их бий. Сонгогчид хөтөлбөр харахаас илүү хүнийг чухалчилдаг. Тэгэхээр хүнийг нь харахын зэрэгцээ хөтөлбөртэй нь мөн танилцаарай. Орон нутгийн сонгуулиар орон нутгийн иргэдийн асуудал л яригддаг. Тэгэхээр энэ асуудалд нэлээн анхааралтай хандах ёстой юм. Ардчилал бол хүн бүрийн оролцоог хангадаг, хүн бүр хайрлаж, зүлгэж байж өнгөтэй явдаг зүйл шүү дээ. Ардчиллын үнэ цэнэ сонгогч нарын алганд бий. Түүнийгээ л хайрлаж, өнгөлөх ёстой юм.

- Ардчилсан нам байрны асуудлаа яаж шийдэж байгаа вэ. С.Эрдэнэ даргын үед байрлаж байсан “Шонхор” тауэрт баахан түрээсийн өртэй гэж сонссон?

-Тэр манай байр биш, түрээсэлж байсан юм. Бид Соёлын төв өргөөний дэргэд газартай. Тэр газар дээр Худалдаа хөгжлийн банк барилга барихаар Ардчилсан намтай 2012 онд гэрээ байгуулсан. Гэтэл тэр ажил одоог хүртэл зогсчхоод байна. Ямар шалтгаантайг нь бүү мэд. Энэ асуудлаар бид шүүхэд хандсан. 

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө