Өвөр монголд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэнийг мэдээлсэн хүнд 1000 юаны  шагнал амлажээ

Өвөр монголд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан иргэнийг мэдээлсэн хүнд 1000 юаны  шагнал амлажээ

БНХАУ-ын Коммунист намын шийдвэрээр Өвөр Монголын Өөртөө Засах орны зарим сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглож, сурагчдад хятад хэлээр хичээл заах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Өвөр монголчууд янз бүрийн хэлбэрээр эсэргүүцэж буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 

Тухайлбал, Өвөр монголчууд хүүхдүүдээ сургуулиас нь гаргана хэмээн жагсаал цуглаан хийж, “Монголоороо байгаасай” дууг уйлан дуулж, цагдаа нарт зодуулж буй эцэг эхээ харсан сурагч өндрөөс үсэрч амиа алдсан бол хятад хэлээр хичээл заахгүй хэмээн хоёр ч багш амиа хорлосон. Хүчтэй эсэргүүцлийн эсрэг БНХАУ ч зүгээр суусангүй.

Есдүгээр сарын нэгний өдөр Өвөр монголд цэргийн хуягт машинууд илгээж байсан бол дахин жагсаал зохион байгуулсан иргэний талаар баттай мэдээлэл өгсөн хүнийг 1000 юанаар /417 мянга/шагнах шийдвэр гаргажээ.

Одоогоор Хятадын цагдаагийн газраас иргэдийн “Wechat”-д мөрдлөг хийж, нийгмийн сүлжээгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан 129 хүнийг хайж байгаа аж. Түүнчлэн 100-аас дээш хүнтэй эсэргүүцлийн жагсаалыг удирдсан хүний талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 1000 юан  амлаад байна.

Дээрх шийдвэр гарсны дараа Өвөр монголчууд бухимдан “Эх хэл, Монгол хүний нэр төрөө 1000-хан юанаар солихгүй” гэсэн утгатай сэтгэгдэл, бичлэгүүдийг нийгмийн сүлжээгээр хөвөрч эхэлжээ. Пүрэв гарагт/2020.09.03/ БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцлийн жагсаалыг "далд зорилготой улс төрийн үймээн” гэж нэрлэж, жагсаал цуглаан байгуулж буй иргэдийг буруушааж байна.

Эх сурвалж: Bloomberg