Шав тавьж, танилцаж, барьж дуусдаггүй “ХОТЫН ЖОРЛОН” буюу ТӨВ ЦЭВЭРЛЭХ байгууламж

Шав тавьж, танилцаж, барьж дуусдаггүй “ХОТЫН ЖОРЛОН” буюу ТӨВ ЦЭВЭРЛЭХ байгууламж

-СОНГУУЛЬ БҮРИЙН ӨМНӨ ДАРГА НАРЫН ОЧИЖ ТАНИЛЦДАГ ОБЬЕКТ-

Өчигдөр /2020.09.03/ Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төв цэвэрлэх байгууламжийг барих төслийн ажлын явцтай танилцав. Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагуудын энэ үеэр хийсэн танилцуулгаас дүгнэвэл шинэ цэвэрлэх байгууламжийг барих бүтээн байгуулалтын ажил 10 хүрэхгүй хувьтай байна гэж дүгнэхээр байна.

Тодруулбал, одоогоор биологийн цэвэрлэгээний барилгын ажлын суурийн цутгалт хийгдэж байгаа аж. Тус барилгаас гадна 17.7 га газарт 36 барилга байгууламж барих ёстой. Гэтэл нэг л барилгын цутгалттай зууралдаж байна гэсэн үг. Уг нь энэ зундаа уурын барилгыг барьж эхлэх байсан ч ковид-19 халдвараас үүдэлтэйгээр БНХАУ-ын мэргэжилтнүүд ирж чадалгүй, хойшилсоор байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламж нь асар том бүтээн байгуулалт, маш их ажил. Гэхдээ манай төр засгийнханы “попорсон” он жилд харьцуулбал аль эртний босч, ашиглагдаж эхэлсэн байх бүтээн байгуулалт юм.

Гэтэл бодит байдлыг дүгнэвэл /өчигдрийнхөөр/ хэдэн самбар дээр суурилуулсан барилгын  бүдүүвч зураг, танилцуулга, нэг обьектын суурийн цутгалтын ажил л явагдаж байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт танилцуулсан дүр төрх ердөө энэ. Ямартай ч барилгын сайд нь орон нутгийн сонгуулийн өмнө Улаанбаатарчуудын он удаан жил хүлээсэн шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын явцтай танилцсан болж үүгээр дамжуулан ажил хурдтай урагшилж, удахгүй дуусах горьдлого төрүүлж орхисон л ээлжит үйлдэл болов.

Б.Мөнхбаатар сайдаас өмнөхөн буюу сонгуулийн үеэр Шадар сайд асан Ө.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нар Төв цэвэрлэхэд ажиллаж шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажилтай ТАНИЛЦААД буцсан. Тэдний очсон шалтгаан мөн л дээр бичсэнтэй холбогдоно. Илүү тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэд “Төв цэвэрлэх байгууламжаас гарах үмхий үнэр хэцүү байна. Багасгах ажлыг хийж өгөөч” гэж тойрогтоо нэр дэвшигчдэд хүсдэг. Тиймээс тус дүүрэгт нэр дэвшдэг Б.Сарангэрэл сонгуулийн үеэр зорьж очиж, сонгогчдынхоо захиаст анхаарч буй хэлбэр тэр юм.

Ерөөс үе, үеийн Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө зорьж нийслэлчүүдийн эрүүл мэнд, хотын бохирын асуудалд санаа тавьсан дүр эсгэхэд зориулагдсан ганц обьект төв цэвэрлэх байгууламж болсон гэж хэлж болно.

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН
ШАВЫГ ГУРВАН УДАА ТАВЬЖ БАЙЖЭЭ-

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 24-ны өдөр, 2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр, 2019 оны хоёрдугаар 28-ны өдөр тус, тус “Шинэ төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийг нээн тууз хайчилж, шавыг тавьж газар ухсан. 

Сүр дуулиан болж шав тавих үеэрээ тэрбээр “Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг бид хамтдаа эхлүүлж байна. Ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эн тэргүүний зорилгоо болгоё. Улаанбаатар хотын агаар, хөрс, Туул голын экологийн бохирдлын доройтол хэрээс хэтэрлээ. Нийслэлийн иргэд тун удалгүй эрүүл, аюулгүй орчинд амьдарна” гэж хэлж байв.

Гэтэл түүнийг ингэж тууз хайчилж, шав тавьснаас хойш даруй гурван жилийн хугацаа өнгөрсөн байхад Төв цэвэрлэх байгууламжийн дүр төрх, байр байдал бахь байдгаараа л байгаа нь өчигдрийн дүр төрхөөс харагдаж байна.

У.Хүрэлсүхийн хувьд төслийг албан ёсоор эхлүүлж тууз хайчилсан 2017 оноос эхлэн уг ажлыг шуурхайлсан бол өдийд цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын ажил нэлээн урагштай явах байв. Гэтэл тэр чадсангүй, өмнөх Засгийн газруудын тэргүүнээс ялгарсангүй. Шалтгаан юу юм бүү мэд.

-50 ГАРУЙ ЖИЛ ДАГТАРШСАН ЛАГИЙН ҮНЭРИЙГ ДАРНА ГЭЖ
ҮЕ, ҮЕИЙН ДАРГА НАР 20 ЖИЛ ЯРЬЖЭЭ-

1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулна гэх дарга нарын амлалт 2000 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд маск зүүж, хантааз өмсчихөөд Төв цэвэрлэхтэй танилцаагүй төрийн түшээ ховор. Тэд цэвэрлэх байгууламжид очоод “Удахгүй шинэ цэвэрлэх байгууламж барина” л гэдэг. Ямарсайндаа л 2012 оноос хойш Төв цэвэрлэх байгууламжийн шавыг Э.Бат-Үүл нэг, Ч.Сайханбилэг нэг, У.Хүрэлсүх гурван удаа тавьсан байхав дээ.

Угтаа бол Төв цэвэрлэх байгууламжийг барих нь нийслэлчүүдийн эрүүл мэнд энэ бүс нутгийн хөгжилтэй шууд холбоотой билээ.

-Х.БАДЕЛХАНЫ 2020 ОНДОО БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭСЭН
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРОХ УУ
-

ДҮГНЭЛТ: У.Хүрэлсүхийн хэлснээр бол Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын Ардын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж эхлээд өдийд бүтээн байгуулалтын ажлыг дуусгачихсан байх байлаа.  Бүр Барилга хот байгуулалтын сайд асан, ажлын хэсгийн ахлагч Х.Баделханы “2020 онд шинэ төв цэвэрлэх байгууламжийг дуусгана” гэж хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа тов, тод бий.

Гэтэл бодит байдал дээр одоо л барилгын ажил дөнгөж эхэлж, 2024 онд дуусах уу үгүй юу гэсэн бүдэг төсөөлөлтэй байна.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө