Сөүл рүү ниссэн тусгай үүргийн онгоц цаг агаарын улмаас саатаад байна

Сөүл рүү ниссэн тусгай үүргийн онгоц цаг агаарын улмаас саатаад байна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу өнөөдөр 08:40 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрсөн ч цаг агаарын улмаас БНСУ-д саатаад байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ. Тусгай үүргийн онгоц 17:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тус онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ. Үүнээс,

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
  • өндөр настан- асран хамгаалагчтай 35,
  • жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
  • эрүүл мэндийн шалтгаантай-27,
  • хөгжлийн бэрхшээлтэй-9,
  • бусад шалтгаантай-106 иргэн ирэх юм.