30 мянган хонийг хандивлаж буй баримтат киноны зураг авалтын нээлт боллоо

30 мянган хонийг хандивлаж буй баримтат киноны зураг авалтын нээлт боллоо

БНХАУ-д цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай баримтат киног бүтээхээр болжээ.

Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр болжээ. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул,  нэртэй хөгжмийн зохиолч,  продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" кинонд туслах найруулагчаар ажилласан мэргэжилтнүүд найруулахаар болжээ.

Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг БНХАУ-д хандивлаж байгаагаа дуулгасан. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан юм.

Мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард мөнөөх 30 мянган хонийг Хятад улсад нийлүүлэхээр тохирсны дагуу хоньд удахгүй ирэх гэж байгаа тул киноны зургийн багийнхан ажлаа эхлүүлж байгаа юм байна. Гурван бүлэг, 45 минутын энэхүү баримтат кино 10-р сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд зургийг нь Монголын 21 аймгийн малчны хотонд авах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ