Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн иргэдэд талархал илэрхийлэв

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгийн иргэдэд талархал илэрхийлэв

УИХ-ын гишүүн асан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсан хэрэг гараад даруй нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Цагдаагийн байгууллагаас түүний хэргийн албан ёсны дүгнэлтийг одоог хүртэл танилцуулаагүй байна. Ардчилсан намын зүгээс уг хэргийг гаднын нөлөөтэй байж болзошгүй тул нарийвчлан шалгах шаардлагатай гэдгээ илэрхийлж, Олон улсын парламентын холбооны хүний эрхийн хороонд хандсан.

АН-аас мэдэгдэхдээ “Урьдчилсан дүгнэлтээр Г.Батхүү агсан өндрөөс унасаны улмаас их хэмжээний бэртэл авч нас барсан” гэсэн билээ. Ямартай ч уг хэргийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж буй бөгөөд дүгнэлтийг танилцуулаагүй байна. Харин Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг энэ хугацаанд аавынхаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг үргэлжлүүлж буйгаа идэвхтэй илэрхийлсээр ирлээ.

Энэ сарын 19-ны өдөр /2019.06.19/ болсон Ардчилсан намын үзэл баримтлалыг танилцуулах сургалт, сурталчилгааны үндэсний аян Өвөрхангай аймагт зохиогдох үеэр Б.Ганхөлөг оролцож үг хэлсэн байна.

Тэрбээр аавынхаа нутгийнханд үргэлж талархаж явдгаа илэрхийлээд “Аавтай маань хамтран ажиллаж байсан олон хүмүүс энд иржээ. Ардчилсан Намын удирдлагуудад гэнэтийн энэ явдалд ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаад баярлалаа. Үр хүүхдүүд нь аавынхаа хийж хэрэгжүүлж байсан ажлыг нь үргэлжлүүлэх болно” хэмээн хэлжээ.

Өвөрхангайн иргэд түүнийг маш найрсгаар хүлээн авч үг бүрийг нь анхааралтай сонсож, түүнд босч хүндэтгэл үзүүлсэн байна. Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байжээ.

Б.ГАНХӨЛӨГ:

Сайн байцгаана уу. 

Өврийн сайхан хангай нутгийн зон олон, Ардчилсан намын удирдлага, гишүүд дэмжигчид, аавын минь журмын нөхөд та бүхэн сайхан зусаж байна уу. Энэ танхимд Ардчиллын үнэт зүйлс, Нутгийнхаа хөгжил дэвшил, Монгол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн төлөө аавтай минь хамтран зүтгэж байсан миний таньдаг олон сайхан ах эгч нар үеийн найзууд нь ирсэн байна. 

Миний аав Гаваагийн Батхүү 2019 оны 5-р сарын 17-ний өдөр зуурдаар таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, Ардчилсан намын гишүүд дэмжигчид, Моринд хайртай Монголчуудын хувьд хүнд гарз тохиосон. 

Бидэнд тохиолдсон гэнэтийн хүнд цаг үед хамт байж, сэтгэлийн уй гашууг хуваалцсан Ардчилсан намын гишүүд дэмжигчид, нутгийн ахан дүүс Та бүхэнд гэр бүлийнхээ  өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгааг хүлээн авна уу. Аав маань төрсөн нутаг Өвөрхангай аймгаасаа төрийн хууль тогтоох дээд байгууллагад 3 удаа сонгогдож Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын засгийн газрын гишүүн, төрийн сайдаар 2 удаа томилогдон ажиллаж Улс төр, Бизнес, Урлаг, Спортын салбарт бахдам амжилт гаргасан төр нийгмийн зүтгэлтэн байлаа. 

Аавынхаа эхлүүлсэн ажил үйлсийг үр хүүхдүүд бид дутууг нь гүйцээж илүү өндөрт өргөж үргэлжлүүлэн ажиллах болно гэдгийг өрх гэрээ толгойлж авч явах үүрэг хариуцлагыг хүлээсэн ууган хүүгийн хувьд Аавын минь журмын нөхөд, нутгийн ахан дүүс Та бүхэндээ хэлэхийг хүсэж байна. 

Энэ ташрамд Аавтай минь хамтран зүтгэж байсан  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат,  Ардчилсан намын удирдлагууд  гэнэтийн энэ хэргийг цаг алдалгүй анхааралдаа авч ажлын хэсэг томилон ажиллаж байгаад талархал илэрхийлье.  Аавын минь амьдралын зарчим болсон та бүхний мэддэг “Эргэж уулзах нүүртэй байх сайхан” гэдэг үгийг хүүхдүүд бид өвлөн сахиж аавынхаа эхлүүлж ажиллаж байсан үйл хэргийг үргэлжлүүлж нутгийн ахан дүүс та бүхэнтэй эргэх холбоотой хамтран ажиллана гэдгээ дахин илэрхийлье.

Та бүхэнд баярлалаа.