Т.Энхсайхан: 14 хоноход Ц.Нямдорж сайд ажил дээрээ нэг ч удаа ирсэнгүй. Хаагуур яваад байгаа юм бэ

Т.Энхсайхан: 14 хоноход Ц.Нямдорж сайд ажил дээрээ нэг ч удаа ирсэнгүй. Хаагуур яваад байгаа юм бэ

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан УИХ-ыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ. 

Тэрбээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж зурагттай жагсаал, төрийн ордныг гинжлэх, лам нараар ном уншуулж ариусгах зэрэг арга хэмжээ зэргийг зохион байгуулсан билээ. 

Энэ талаараа Т.Энхсайхан “С.Жавхлан гишүүн маань манай төр бузартчихаж гэдгийг хэлсэн шүү дээ. Нэгдүгээрт би анхаарал татах гэж ийм үйлдэл хийсэн. Хоёрдугаарт үнэхээр би энэ бузартсан төрийн төлөө лам багш нарыгаа урьж авчирч, ордны баруун хаалгыг арц хүжээр утуулсан. Аргаа барсан хүний л арга шүү дээ” гэх тайлбар хийсэн юм.

Тэрбээр өнөөдөр “Ордон дотор хүн амиа алддаг, УИХ гишүүд нь хулгай, хүчин, хүн амины хэрэгт холбогддог боллоо. Та бүхний ичгүүртэй үйлдэл улам бүр лавширсаар байгаа учир ард түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг чинь тодорхой болчихоод байгаа. Жигшүүрт үйлдлийг хийсээр байгаа танай хоёр намыг Монголын ард түмэн 2020 онд сонгохгүй. Тийм учраас Монгол төрөөс савраа хурдхан татаж авахыг шаардаж байна. Эх оронч зүрх сэтгэл гаргаж УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” гэж хэллээ. 

Мөн “Ц.Нямдорж гэж хүн дүүргийн засаг дарга нартайгаа хуйвалдаад надад жагсах, цуглах эрх өгөхгүй байгаа. Б.Нямбаатар, Лу.Болд гэх мэт хүмүүс жагсах болохоор зөвшөөрөл нь тэр оройноо шууд гарчихаж байна. Би яг адилхан албан бичиг таван удаа явуулахад, тавууланд нь татгалзсан хариу өгч байна. Бид жагсаал хийгээд 14 хонож байхад Хууль зүйн сайд Ц.Нямдорж ажил дээрээ нэг ч удаа ирсэнгүй. Энэ хүн хаагуур юу хийж, ямар хор хутгаж яваад байдаг юм бэ? Төрийн алба гэдэг чинь ийм завхарсан голдрилоор явдаг юмуу гэдгийг бид үнэхээр гайхаж байна. Энэ МАНАН мафиа устгаад өгөөч ээ, Нямдорж гуай. Та хий хоосон ярьж, ард түмнийг модтой чихэр долоолгоод яваад байх юм” гэж тэр Хууль зүйн сайдад үг дайв.