Өнөөдөр Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд МБШТ Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны төлөөлөл, хүрэлцэн ирсэн Азийн орнуудын хамба лам нар болон Гандантэгчинлэн хийдийн лам, хуваргууд, сүсэгтэн олон оролцсон байна.
“Сэргээе, урагшилъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд таван улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид хоёр өдрийн турш илтгэл хэлэлцүүлэх бөгөөд мөн Азийн Буддистуудын холбооны үндсэн төвүүдээс 130 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж.
Чуулганы хүрээнд “XXI зууны Буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын хувьд Азийн Буддистуудын энх тайвны бага хурлаар дамжуулан гадаад улс орнуудад өөрсдийн өв соёл, уламжлалаа таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.