Б.Баатархүү: Хар тамхины хэргээр насанд хүрээгүй есөн хүүхэд, гадаадын долоон иргэнийг шалгаж байна

Б.Баатархүү: Хар тамхины хэргээр насанд хүрээгүй есөн хүүхэд, гадаадын долоон иргэнийг шалгаж байна

Өнөөдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болоод цагдаагийн байгууллагаас 2019 оны эхний зургаан сард энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар худалдан борлуулсан, хадгалсан гэмт хэрэг 199 бүртгэгдэж, 412 холбогдогч холбогдон шалгагдсан байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 89 гэмт хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Энэ оны байдлаар 89 хэрэг шалгагдаж байгаагаас худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн бусдад өгсөн 65 хэрэг шалгагдаж байна. Худалдаалах худалдан борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан 24, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэмжээнд нэг хэрэг шалгагдаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гадаадын долоон иргэн байна. Үүнээс Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэн, БНСУ-ын нэг, Франц улсын иргэн нэг, Энэтхэг улсын иргэн нэг байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг дан ганц Улаанбаатар хотод бус орон нутагт ч гарч, үйлдэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар 12 гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн. 

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүлжээ эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтад 62 байгууллага хамрагдсан байна. Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого зарлагын бүртгэл байдаггүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг хүчингүй,  худалдаалсан, сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох зөрчлийг харьяалах байгууллагуудад шалгаж эхэлжээ.

Мөн өнгөрсөн оноос олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм нэвтрүүлэх ородлого нэлээд нэмэгдсэн байна. 2019 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх улсын хилээр нэвтрүүлэхийг завдсоан 16 хэргээс 11 нь шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис нэвтрүүлдэг шинэ төрлийн урсгал бий болсныг харуулж байна. Иймд ЦЕГ, ГЕГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцсээр байна"гэлээ.

ХЭРГИЙН СТАТИСТИК: 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна.

  • Худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтэгсэн, бусдад өгсөн-65
  • Худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан- 24
  • Зохион байгууллаттай гэмт бүлэглэл- 1
  • Хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн -12
  • Худалдсан-16
  • Улсын хилээр нэвтрүүлсэн- 16 /Шуудан илгээмжээр 11/
  • Тарьж ургуулсан- 1
  • Орон байраар хангасан- 1

Нийт холбогдогчийн 87,2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13,8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй.

БОЛОВСРОЛЫН БАЙДЛААР НЬ ҮЗВЭЛ: 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой байна.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна. Орон нутагт 2019 оны зургадугаар сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд Орхон аймагт 7, Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймагт тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна.