Монгол улс 2020 он гэхэд шатахууныхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд хоёр жил өнгөрчээ. Үе үеийн Засгийн газар сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар тасралтгүй ярьж сая нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумнаа барьж байгуулаад ажил нь 60 орчим хувьтай явж байна.
Уг үйлдвэр 2022 онд ашиглалтад орж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж албаныхан мэдэгдсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр рүү хүрэх 27 км төмөр замыг барьж дуусгасан бөгөөд бусад ажлууд хийгдэж байна.
Бид Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум доллароор Газрын тос боловсруулж нефть болгох үйлдвэртэй болж байгаа. Яаж, ийж байгаад үйлдвэртэй боллоо гэхэд газрын тосоо хаанаас авах гэдэг асуудалд мэргэжилтнүүд одооноос санаа зовж эхэлжээ.
Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар манай улс дотоодоосоо газрын тос авах боломжгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр дотоодоосоо газрын тос авах боломжийг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж Газрын тосны тухай хуулийн шинэчилсан найруулгыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байхдаа хаасан байна. Тус ажлын хэсэг дотоодоос газрын тос авахгүй байхтай холбоотой заалтыг тус хуульд тусгаж өгчээ.
Тодруулбал, Өртөгт газрын тосыг тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр худалдаж авах гэсэн заалт болох өөрсдөө олборлох гэсэн заалтыг оруулж өгсөн байна.
Манай улс Зүүнбаян болон Тамсагийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нийт олборлосон газрын тосныхоо 26 хувийг л өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Хятадтай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа 20-30 жилийн дараа дуусна. Тэр үед газрын тосны нөөц нь хэр байх вэ гэдэг нь эргэлзээтэй.
Манай улс дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулбал компаниудын олборлосон тосыг худалдаж авна гэж заасан ч үүнийг Хятадын компаниуд бүрэн хүлээн авах нь эргэлзээтэй. Учир нь, Хятадын сонирхол нь түүхий газрын тос худалдан авах юм. Тус улсын газрын тосны хэрэгцээ жилд 7-8 хувиар өсч, дотооддоо олборлож байгаа газрын тос нь хэрэгцээгээ хангаж чадахгүй байдалтай байгаа юм байна. Хятад улс жилд ойролцоогоор 100 гаруй сая тонн газрын тос импортоор авдаг.
Хятад улсыг гэрээнд заасны дагуу олборлосон тосныхоо 50 хувийг авна гэж тооцоолсон ч хоёр сая тонны үйлдвэрийг түүхий эдээр хангахад хүнд байгаа юм. 1.5 сая тонн олборлосон газрын тосны 50 хувь болох 750 мянган тонныг нь дотоодоосоо хангана гэж бодъё. Харин үлдсэн 1.2 сая тонныг нь ямар эх үүсвэрээр хангах вэ. Засгийн газар болон холбогдох мэргэжилтнүүд Оросоос газрын тос импортоор авна гэж ярьж байгаа. Гэхдээ Орос манай улсад олборлосон тосоо өгөхөөс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ л өгөх илүү сонирхолтой байгаа юм.