УНТЭ-ийн эмч, ажилчид энэ сарын 26-ны өдөр /2026.02.26/ олон нийтэд хандан хэвлэлийн бага хурал хийж, тус эмнэлгийн захирлыг ойр, ойрхон сольсноос болж иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ чанаргүй болж, үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл тус хэвлэлийн хуралд оролцож, "шүгэл үлээсэн" эмч, ажилчдыг ажлаас нь чөлөөлж эхэлжээ.
Тэдний нэг болох тус эмнэлгийн эмч О.Чойдог "Оюутан цагаас эхлээд олон жил ажилласан байгууллагынхаа доголдол, улс төржилтийг харж тэсэлгүй, пүрэв гаригт шүгэл үлээсэн тул өнөөдөр ажлаас “хэвлэлийн бага хурал хийсэн” гэх үндэслэлээр халагдах тушаалаа гардан авлаа. Эрүүл мэндийн салбар тэр дундаа улсын эмнэлэг хэн нэгэн эрх мэдэлтний үгээр ажил хийдэг байж болохгүй, хэн нэгэн гацаадаг байж болохгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн томилгоог эмч, ажилчдын оролцоотойгоор хийхгүй явсаар байвал УНТЭ дээр гарч буй явдал шиг энэ мэт бурангуй жишиг хэзээ ч арилахгүй. ТУЗ-д эмнэлгийн төлөөллийн хувийг нэмэгдүүлэхийн төлөө цаашид ч тэмцэнэ" гэдэг байр сууриа илэрхийлжээ.
Харин Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан " Хавдар дээр очиж сайдын дургүйг хүргээд, нэг дээр очиж төрийн нарийн бичгийн даргын дургүйг хүргэж. Хууль бус, шударга бус зүйлийн эсрэг яваад. Ахиад ажилгүй боллоо. Эмнэлэг зүв зүгээр ажиллаж байхад нь худлаа мэдээ тараасан гэнээ. Нэг дүгээр эмнэлэгт хэвтсэн хүмүүс эм хэрэгсэл худалдаж аваагүй гэнээ" гэж бичжээ.
Хэвлэлийн хурлын үеэр дээрх эмч нар удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгааг хөндсөн.
Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцлон шаардсан байдаг.