Цаг хэмнэх, зам товчлох зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэн гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос цөмрөх, живэх, осолдох тохиолдол гарсаар байгаа. Он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
ЦУОШГ-ын мэдээллээр энэ сарын 21-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос нэмэгдэж, 20-175 см зузаан мөстэй болсон ч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна. Зарим голын мөсний зузаан цаг агаараас шалтгаалан нимгэрч, нуурын толио, гол мөрний уртын дагууд харилцан адилгүй байгаа ажээ.