АНУ болон Израиль улс өнөөдөр /2026.02.28/ өглөө Ираны эсрэг цохилт өгсөн талаар Израилийн Батлан хамгаалах яам болон АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" цахим сүлжээндээ нийтэлсэн 8 минутын видео мэдэгдэлдээ Ираны эсрэг “томоохон цэргийн ажиллагаа” эхэлснийг батлаад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, “Бидний зорилго бол Ираны дэглэмээс учирч болзошгүй шууд заналхийллийг устгаж, Америкийн ард иргэдийг хамгаалах явдал” хэмээн мэдэгдээд байна. Харин Израилийн албаныхны мэдээлснээр уг цохилтууд нь “Израильд учирч буй аюул заналхийллийг арилгах зорилготой урьдчилан сэргийлэх ажиллагаа” гэсэн юм.
Reuters агентлагийн мэдээлэлд, Америкийн эх сурвалжуудын мэдээлснээр АНУ уг цохилтуудыг агаараас болон тэнгисээс гүйцэтгэж байгаа аж.
Харин Израиль даяар Иранаас пуужингийн хариу довтолгоо хийх магадлалтайг анхааруулж, олон нийтийг бэлтгэлтэй байхыг сануулах зорилгоор аваарын дуут дохио ажиллуулсан байна. Иранд хийж буй уг цохилт нь саяхан /2026.02.26/ Женев хотноо болсон АНУ, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гурав дахь шатны шууд бус хэлэлцээний дараа, мөн Ерөнхийлөгч Д.Трамп Ираны хэлэлцээрт “сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлсний дараа болж байна.
Израилийн Батлан хамгаалахын сайд улс орон даяар “нэн даруй онц байдал” зарласнаа мэдэгдэж, “Израилийн улс Иранд урьдчилан сэргийлэх цохилт өгч, улсад учирч буй аюул заналхийллийг арилгах ажиллагааг эхлүүллээ” гэж мэдэгдсэн юм.
Олон улсын хэвлэлд гарч буй зарим мэдээлэлд цохилтын хүч Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменейн ажлын байрны ойролцоох бүсэд туссан байж болзошгүй байна. Reuters агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө 86 настай А.А.Хаменей нийслэл Тегеран хотоос гарсан байж магадгүй бөгөөд одоогоор түүний байршил тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: SCMP