АНУ, Израиль улс хамтран Ираны эсрэг цохилт өгч, “томоохон цэргийн ажиллагаа” эхэлснийг Д.Трамп мэдэгдлээ

2026-02-28 16:28

АНУ, Израиль улс хамтран Ираны эсрэг цохилт өгч, “томоохон цэргийн ажиллагаа” эхэлснийг Д.Трамп мэдэгдлээ

АНУ болон Израиль улс өнөөдөр /2026.02.28/ өглөө Ираны эсрэг цохилт өгсөн талаар Израилийн Батлан хамгаалах яам болон АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" цахим сүлжээндээ нийтэлсэн 8 минутын видео мэдэгдэлдээ Ираны эсрэг “томоохон цэргийн ажиллагаа” эхэлснийг батлаад байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, “Бидний зорилго бол Ираны дэглэмээс учирч болзошгүй шууд заналхийллийг устгаж, Америкийн ард иргэдийг хамгаалах явдал” хэмээн мэдэгдээд байна. Харин Израилийн албаныхны мэдээлснээр уг цохилтууд нь “Израильд учирч буй аюул заналхийллийг арилгах зорилготой урьдчилан сэргийлэх ажиллагаа” гэсэн юм. 

Reuters агентлагийн мэдээлэлд, Америкийн эх сурвалжуудын мэдээлснээр АНУ уг цохилтуудыг агаараас болон тэнгисээс гүйцэтгэж байгаа аж. 

Харин Израиль даяар Иранаас пуужингийн хариу довтолгоо хийх магадлалтайг анхааруулж, олон нийтийг бэлтгэлтэй байхыг сануулах зорилгоор аваарын дуут дохио ажиллуулсан байна. Иранд хийж буй уг цохилт нь саяхан /2026.02.26/ Женев хотноо болсон АНУ, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гурав дахь шатны шууд бус хэлэлцээний дараа, мөн Ерөнхийлөгч Д.Трамп Ираны хэлэлцээрт “сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлсний дараа болж байна.

Израилийн Батлан хамгаалахын сайд улс орон даяар “нэн даруй онц байдал” зарласнаа мэдэгдэж, “Израилийн улс Иранд урьдчилан сэргийлэх цохилт өгч, улсад учирч буй аюул заналхийллийг арилгах ажиллагааг эхлүүллээ” гэж мэдэгдсэн юм. 

Олон улсын хэвлэлд гарч буй зарим мэдээлэлд цохилтын хүч Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменейн ажлын байрны ойролцоох бүсэд туссан байж болзошгүй байна. Reuters агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр өдгөө 86 настай А.А.Хаменей нийслэл Тегеран хотоос гарсан байж магадгүй бөгөөд одоогоор түүний байршил тодорхойгүй байгаа аж. 

Эх сурвалж: SCMP

2026-02-28 16:10

ВИДЕО: Цэргийн ажиллагаа дууссаны дараа Ираны иргэдийг засгийн эрхээ гартаа авахыг Д.Трамп уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цэргийн ажиллагаа дууссаны дараа Ираны иргэдийг өөрсдийн засгийн газрыг гартаа авахыг уриалсан видео мэдэгдэл хийлээ.

ВИДЕО: 

Тэрээр, “Бид ажлаа дуусгасны дараа та бүхэн засгийн газраа гартаа ав. Тэр эрх та бүхнийх байх болно. Энэ нь магадгүй үе үеийн турш тохиох цорын ганц боломж байж мэднэ” хэмээн мэдэгджээ. 

Д.Трамп АНУ-ын өмнөх ерөнхийлөгчид хэрэгжүүлж зүрхлээгүй алхмыг өөрөө хийж байна гэж онцолж, “Олон жилийн турш та бүхэн Америкийн тусламжийг хүссэн ч авч чадаагүй. Өмнөх ерөнхийлөгчдийн хэн нь ч миний өнөө орой хийх гэж буйг хийхэд бэлэн байгаагүй. Харин одоо та бүхний хүссэн зүйлийг өгч буй ерөнхийлөгч байна. Тиймээс та бүхэн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харъя” гэжээ.

Мөн тэрээр “Америк улс та бүхнийг асар их хүч чадал, шийдвэрлэх нөлөөгөөр дэмжиж байна. Одоо хувь заяагаа гартаа авч, ойрхон байгаа хөгжил цэцэглэл, гэрэлт ирээдүйг бодит болгох цаг ирлээ” хэмээн хэлсэн байна. Уг мэдэгдлийн төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Одоо бол үйлдэл хийх мөч. Энэ боломжийг бүү алд” хэмээн уриалжээ.

Эх сурвалж: CNN

2026-02-28 15:17

Ираны төрийн телевиз Тегеранд цохилт өгснийг баталжээ

Ираны төрийн өмчит 24 цагийн мэдээллийн суваг IRINN өнөөдөр /2026.02.28/ Тегеран хотод цохилт өгсөн тухай мэдээллийг баталжээ. Энэ нь Израиль “урьдчилан сэргийлэх” цохилт хийсэн хэмээн мэдэгдсэний дараахан болсон байна. 

Тус суваг богино хугацаанд дууны саатал гаргасан ч удалгүй нэвтрүүлгээ сэргээж, нийслэлийн зарим хэсэгт утаа хөөрч, дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлжээ. Үүний дараа IRINN суваг урьдчилан бичигдсэн бичлэгүүдийг цацаж, засгийн газрыг дэмжигчдийн жагсаал, арга хэмжээний дүрсийг хөгжмийн хамт үзүүлсэн байна. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейн “дайснуудын эсрэг эв нэгдэлтэй байх”-ыг уриалсан өмнөх мэдэгдлүүдийг архивын бичлэгээс хүргэжээ. Суваг цаашлаад гадаадын оролцоог эсэргүүцэж буй Исламын Бүгд Найрамдах Улсыг дэмжигч иргэдтэй хийсэн ярилцлагуудыг нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

2026-02-28 15:05

ФОТО: Ираны Тегеран хотод утаа гарч буй анхны зургуудыг нийтэлжээ

Израиль улс “Израиль руу чиглэсэн заналхийллийг арилгах” зорилгоор Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яам Бямба гараг /2026.02.28/-ийн өглөө мэдэгдсэн. 

Үүний дараа Ираны нийслэл Тегеран хотод дэлбэрэлтүүд болсон талаар мэдээллүүд гарч эхэллээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр хотын төв хэсэгт гурван удаагийн дэлбэрэлт сонсогдсон байна. BBC агентлаг Тегеран хотын Жомхури талбай болон Хассан Абад талбайн орчимд утаа гарч буй анхны зургуудыг хүлээн авснаа нийтэлжээ. Нөхцөл байдал үргэлжлэн өрнөж байгаа бөгөөд албан ёсны нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.

Эх сурвалж: BBC

Hassan Abad Square

Tehran's Jomhouri Square

2026-02-28 14:51

ШУУРХАЙ: Израиль улс Ираны эсрэг "урьдчилан сэргийлэх" цохилт өгсөн гэж мэдэгдлээ

Израиль улс “Израиль руу чиглэсэн заналхийллийг арилгах” зорилгоор Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яам Бямба гараг /2026.02.28/-ийн өглөө мэдэгдсэн талаар Олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Мөн мэдэгдэлд дурдсанаар, "Израиль руу пуужингийн довтолгоо хийх эрсдэлтэй гэж үзсэн тул иргэдийг болзошгүй халдлагад бэлтгэх үүднээс орон даяар аюулын дохио ажиллуулсан байна."

ВИДЕО: 

Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн шатны хэлэлцээний дараа Тегеранд "сэтгэл хангалуун бус" байгаагаа илэрхийлсэн ч цэргийн ажиллагаа явуулах эсэхээ хараахан шийдээгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.  Тэрээр, "тэд бидний хүсэж буй зүйлийг өгөхөд бэлэн биш байна. Тиймээс би сэтгэл хангалуун биш байна" хэмээн Пүрэв гараг /2026.02.26/-т Женевт болсон хэлэлцээний талаар анхны тайлбараа өгсөн юм. Улмаар тэрээр Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа онцолсон ч "зарим тохиолдолд тийм алхам хийхээс өөр аргагүй болдог" гэж нэмж хэлсэн байдаг.