Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн "сэтгэцийн эмгэг"-тэй гэх М.Батчулуунд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн "сэтгэцийн эмгэг"-тэй гэх М.Батчулуунд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 04 /2026.01.04/-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан. 

ВИДЕО: 

-М.БАТЧУЛУУН ГЭГЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛТАЙ ЗҮЙЛ АНГИАР ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ-

Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хөрш айлынх нь 48 настай, эрэгтэй М.Батчулуун гэгчийг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. 

Тэгвэл М.Батчулуунд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх санатайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал, М.Батчулуун гэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг, хүнийг онц хэрцгийгээр алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Бага насны хүүхдийг алсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг "боож" дуусчээ. Дээрх зүйл ангиуд нь торгох ял оноохоос бүх насаар нь хорих ял шийтгэгдэх хуулийн заалт юм. 

-ХОЁР ЖИЛ ЭМНЭЛЭГТ БАЙСАН М.БАТЧУЛУУНЫГ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖААР "СУЛЛАЖ" БАЙЖЭЭ-

Эргэн сануулахад, хоёр хүний амь насыг онц хэрцийгээр хөнөөсөн М.Батчулуун нь 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан Л.Ц гэх иргэний цээжин тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Тэрбээр уг хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй ч гэсэн болсон явдлын талаар "Тухайн өдөр настай хүнтэй таарсан. Уг хүнийг буг чөтгөр учраас ал гэж бурхан сахиус хэлсэн болохоор нь би хутгалсан. Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхгүй талаас анхаарч өгнө үү" хэмээн мэдүүлж байжээ. 

М.Батчулуун нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр "Органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж" сэтгэцийн эмгэгтэй тодорхойлогдсон бөгөөд прокуророос түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр

Тиймээс ч түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа бусдыг хутгалж, амь насыг нь хохироосон хэмээн шүүхээс үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэрэглэх, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.О ээс 1 сая 614 мянга 400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэрийг гаргасан байна. 

Харин тухайн иргэний төрсөн ах М.М нь дүүгийнхээ талаар "Дүүтэйгээ уулзахад миний чихэнд янз бүрийн юм сонсогдоод байхын, чихэнд юм шивнээд байхын бөө бууж ирсэн гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг байсан” гэдгээ учирлаж байсан байгаа юм. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө