Цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн хэлэлцээрийн дараа "Иранд сэтгэл хангалуун бус" буйгаа Д.Трамп илэрхийлжээ

Цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн хэлэлцээрийн дараа "Иранд сэтгэл хангалуун бус" буйгаа Д.Трамп илэрхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн шатны хэлэлцээний дараа Тегеранд "сэтгэл хангалуун бус" байгаагаа илэрхийлсэн ч цэргийн ажиллагаа явуулах эсэхээ хараахан шийдээгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Тэрээр, "тэд бидний хүсэж буй зүйлийг өгөхөд бэлэн биш байна. Тиймээс би сэтгэл хангалуун биш байна" хэмээн Пүрэв гараг /2026.02.26/-т Женевт болсон боловч тохиролцоонд хүрээгүй хэлэлцээний талаар анхны тайлбараа өгсөн байна. Тэрээр Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа онцолсон ч "зарим тохиолдолд тийм алхам хийхээс өөр аргагүй болдог" гэж нэмж хэлжээ. 

АНУ Ираны эсрэг цохилт өгөж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор хэд хэдэн улс бүс нутаг дахь иргэддээ анхааруулга гаргасан байна. Мөн Их Британи Тегеран дахь элчин сайдын яамныхаа зарим ажилтныг түр хугацаанд татан авч, Израиль руу "зайлшгүй шаардлагатайгаас бусад" аяллаас зайлсхийхийг зөвлөжээ. Мөн Хятад, Энэтхэг, Канад улс иргэдээ Иранаас аль болох хурдан гарахыг уриалсан бол Герман Израиль руу зорчихоос "яаралтай" татгалзахыг зөвлөж, Франц өмнөх анхааруулгаа дахин баталгаажуулсан байна.

АНУ ч Иранд байгаа иргэдээ "нэн даруй" явахыг уриалж, Израиль дахь Элчин сайдын яам онцгой шаардлагагүй ажилтнууд болон тэдний гэр бүлд арилжааны нислэг боломжтой үед улсаас гарахыг зөвлөжээ.

Д.Трамп Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн арга хэмжээ авах боломжтойг өмнө нь анхааруулж байсан. Тэрээр 2003 оны Ирак дахь дайн эхэлснээс хойших хугацаанд Ойрхи Дорнодод АНУ-ын хамгийн том цэргийн байрлалыг бэхжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Иран аливаа халдлагад хүчтэй хариу өгнө гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

АНУ болон түүний холбоотнууд нь Иран цөмийн зэвсэг бүтээх чиглэлд урагшилж байна гэж сэжиглэдэг бол Тегеран үүнийг үгүйсгэж, уран баяжуулалт нь зөвхөн энхийн, иргэний зориулалттай гэж тайлбарладаг юм. Учир нь Иран ураныг бараг зэвсгийн зэрэглэлд хүрэх түвшинд баяжуулсан нь олон улсын түгшүүрийг нэмэгдүүлээд байна.

Д.Трамп өчигдөр /2026.02.27/ "Би баяжуулалтыг зөвшөөрөхгүй. Энэ бол ёс суртахууны хувьд буруу" гэж мэдэгдсэн байна.

Харин хэлэлцээг зуучилж буй Оманы Гадаад хэргийн сайд Бадр Альбусаиди Иран баяжуулсан уран нөөцлөхгүй байх талаар тохиролцсон гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь "баяжуулалтын маргааныг ач холбогдолгүй болгоно" хэмээн тайлбарлажээ. Тэрээр "хэрэв нөөц үүсгэхгүй бол цөмийн бөмбөг бүтээх боломжгүй" гэж ярьжээ.

Бадр Альбусаиди хоёр тал Женевийн уулзалтаар "ихээхэн ахиц" гаргасан ч дайн гарахаас сэргийлэх эцсийн тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолсон байна. Түүний хэлснээр талууд нийслэлүүддээ очиж зөвлөлдсөний дараа "удахгүй" хэлэлцээг үргэлжлүүлэх бөгөөд ирэх долоо хоногт Вена хотод техникийн түвшний уулзалт хийх аж. Ираны төлөөлөгчдийг ахалж буй Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ч "сайн ахиц" гарсан гэж мэдэгдсэн ч зарим асуудлаар санал зөрөлдөөн хэвээр байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ойрын өдрүүдэд нэмэлт хэлэлцээ үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ирэх даваа гараг /2026.03.02/-т Израильд айлчилж, Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай Иран зэрэг "бүс нутгийн тэргүүлэх асуудлууд"-ыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Марко Рубио өчигдөр Ираныг "зохисгүй саатуулах үйл ажиллагааг ивээн тэтгэгч улс" хэмээн тодорхойлсон нь ийм ангиллыг хэрэглэсэн анхны тохиолдол болжээ.

Тэрээр "бид Иранд байгаа Америк иргэдийг яаралтай явахыг дахин уриалж байна" гэж мэдэгдсэн байна.

Мөн Израильд суугаа АНУ-ын Элчин сайд Майк Хакаби Израилаас гарахыг хүссэн ажилтнуудад "өнөөдөр явах"-ыг зөвлөсөн талаар Нью Йорк Таймс мэдээлжээ. Тэрээр "сандрах шаардлагагүй ч явах хүсэлтэй хүмүүс эртнээс төлөвлөгөө гаргах нь зүйтэй" гэж имэйлдээ дурдсан байна. Энэ бүхэн нь АНУ Бейрут дахь Элчин сайдын яамныхаа шаардлагагүй ажилтнуудыг аюулгүй байдлын үнэлгээний дараа гаргах шийдвэр гаргаснаас хэдхэн хоногийн дараа өрнөж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө