МАН-ын II Бага хурал албаны өнгө төрх, ёслолын байдалтай болж өчигдөр /2026.02.27/ шөнө өндөрлөв. Эл хурлаас анхаарал татсан сэдэв нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон МАН-ын дөрвөн гишүүнээ намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн намын даргынх нь мэдэгдэл байлаа.
-Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЭЭС ХАСАХ ЭСЭХ АСУУДЛЫГ 30 ХОНОГТ БАГТААН ШИЙДВЭРЛЭХ ДҮРМИЙГ БАТАЛЖЭЭ-
Тодруулбал, МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ "МАН-ын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхаруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан, Монголын “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр энэ саналаа Хяналтын хороонд албан ёсоор хүргүүлж бөайгаа мэдэгдэж байна" гэсэн юм.
ВИДЕО: МАН-ын дарга Н.Учралын мэдэгдэл
Гэхдээ тэрбээр өчигдөртөө амжуулан эл саналаа Хяналын хороонд хүргүүлээгүй ч намын даргынхаа гаргасан саналын дагуу Хяналтын хороо тун удахгүй хуралдаж дээрх гишүүдийг намын гишүүнээс хасах аж. Н.Учрал илтгэлдээ болох, бүтэхгүй асуудалд холбогдсон гишүүддээ үе шаттай хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл намаас хөөх гишүүдийн тоо дээрх дөрвөөр зогсохгүй үргэлжлэх нь.
Өчигдрийн хурлаар МАН-ын гишүүдийн талаар гомдол ирэхэд Хяналтын хороо хэрхэн хянан шийдвэрлэх тухай журмыг шинэчлэн баталсан. Тодруулбал, намын гишүүдийн ёс зүйн дүрэм, хяналтын хорооны журмыг шинэчилсэн. Эл журмаар бол Хяналтын хороонд ирсэн гомдлыг хэлэлцэж намын гишүүнээс хасах эсэх асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр тодорхой тусгаж өгчээ.Энэ дагуу Д.Амарбаясгалан, Н.Тавинбэх, Х.Булгантуяа, А.Амундра нарын асуудлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх нь.
Дээрхээс гадна УИХ-ын гишүүнд Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан нарын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын бичиг ирэх сарын 15 /2026.03.15/-нд эхлэх УИХ-ын Хаврын чуулганы эхэнд ирж магадгүй талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
Хэрвээ бичиг ирвэл Тусгай хяналтын дэд хороогоор 72 цагийн дотор хэлэлцэж эхэлдэг хуулийн заалттай билээ. Цаашлаад намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн зүйл ангиар Тагнуулын байгууллагаас шалгаж яллагдагчаар татсан бол Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт холбогдуулан авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Д.Амарбаясгалангийн хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх байх гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн өчигдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгчийн хууль, Н.Учралын мэдэгдэл зэрэг нь прокуророос оруулж ирэх саналыг угтсан ч байх магадлалтай аж.
-БАГА ХУРАЛД Х.НЯМБААТАР ХОЙГУУР НАМ ГҮМ БАЙСАН БОЛ Э.БАТ-АМГАЛАН УРДУУР СУУСАН НЬ ТЭДНИЙ НАМ ДОТОРХ ОДООГИЙН БАЙР СУУИЙГ ИЛЭРХИЙЛНЭ-
Харин ёс зүйн дүрмийг өөрчилсөн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-д яаралтай горимоор өргөн барьж хэлэлцүүлэх гэж буй "Тангарагаасаа няцсан, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль"-тай зохицуулан өөрчилсөн гэх мэдээлэл байна.
Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнийн багаас Хотын дарга Х.Нямбаатар л Бага хуралд оролцов. Оролцохдоо нэлээн хойгуур сууж байгаад явжээ. Харин түүнтэй нийслэлийн МАН-ын даргын төлөө ирэх сард өрсөлдөх Э.Бат-Амгалан нэлээн урдуур сууж харагдсан нь тэдний нам доторх яг одоогийн байр суурийг илэрхийлэв. Тодруулбал, МАН бодлогоороо нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлнэ. Харин түүний эсрэг Хотын дарга Х.Нямбаатар өрсөлдөх бөгөөд намаас нь түүнийг шахаж, нийслэлийн намыг нь ч, Хотын даргынх ч ажлыг авна гэх мэдээлэл бий. Цаашлаад Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, П.Сайнзориг, Л.Оюун-Эрдэнэ нар хуралдаа ирсэнгүй.