"Нүүрсний" гэх тодотголтой хэргээр хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар хорих байгууллагад "Номын санч", "Талбайн туслах"-аар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь "Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" буюу ШШЕГ-ын "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д номын санч хийж байсан бол 3.9 жилийн хорих ял сонссон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь Хорих 405 дугаар анги болох Тахир соёотод талбайн туслахаар ажиллаж, хорих ялаа эдэлж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг өнөөдөр /2026.02.28/ суллана гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Тэрбээр "Нүүрсний хэрэгт нэр холбогдсон хүмүүс эхнээсээ суллагдаж байгаа. 2.6 жилийн ял нь дуусч байгаа. Маргааш /өнөөдөр/ Т.Аюурсайхан суллагдана" гэсэн юм.
Тодотговол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 1053 дугаар магадлалаар түүнд оноосон 3 жилийн хорих ялыг 2.6 жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр ял шийтгэгдэн хоригдож эхэлсэн бөгөөд хоёр жил орчим хорих ялаа эдэлсэн байна.