"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээний Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр зөвлөхөөрөө ажиллаж байсан П.Товуудоржийн төрсөн дүү П.Даваадоржийн 100 хувийн эзэмшлийн компанийг шалгаруулж, 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг.
Улмаар Н.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл Н.Тавинбэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.
Уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2026.02.13/ хэлэлцэж, Н.Тавинбэхийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгаж, шийдвэрлэжээ. Өдгөө түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа аж.