ЭСЯ: Хоёрдугаар сарын 8-ны өдөр хил дээрээс буцаагдсан, хүний эрх зөрчигдсөн гэх гомдол ирээгүй

ЭСЯ: Хоёрдугаар сарын 8-ны өдөр хил дээрээс буцаагдсан, хүний эрх зөрчигдсөн гэх гомдол ирээгүй

БНСУ дахь ЭСЯ-наас цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны 010-9595-3464 гэсэн шуурхай утас болон [email protected] цахим хаягт иргэдийн хүсэлт, гомдол, өргөдлийг тогтмол хүлээн авч, мөрөөр нь ажилладаг.  Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хил дээрээс буцаагдсан, хүний эрх зөрчигдсөн гэх өргөдөл, гомдол, хүсэлт ирээгүй байна. Хэрэв суугаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч тодруулга авах, шалгах явцад тухайн иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх гомдол байгаа бол нотлох баримтын хамт ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Хүний эрхийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дотоод хяналт зэрэг зохих байгууллагад хүргүүлж, шалгуулах боломжтой байдаг. Гэтэл ЭСЯ-ны шуурхай утас, цахим хаягт зохих хүсэлт, гомдол ирүүлэхгүйгээр, мэдээлэхгүйгээр зарим иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан буруу, ташаа мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ тууштай, ямар ч нөхцөлд гүйцэтгэж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.