Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ дагуу хаврын чуулганы өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр цаашлаад Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр чөлөөлж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь гэнэтийн мэдээ биш бөгөөд намрын чуулганы үеэр ч улс төрийн хүрээнд яригдаж байсан юм.
Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн /2026.01.28/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Түүнд өгсөн 30 хоногийн 13 хоног нь өнгөрсөн бөгөөд үлдсэн 17 өдөрт нь салбарын асуудлаа шийдвэрлэх боломжгүй юм.
Энэ талаар Б.Чойжилсүрэн сайд өөрөө ч ярьж, "Эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудал нь өргөс авсан юм шиг алга болохгүй. Урт хугацааны ажил. Би сайд болсноосоо хойш төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон станц барьж эхлүүлсэн. Энэ хугацаанд багтаж засч чадахгүй. Сайдын суудалд хоргодох зүйлгүй. Албан тушаалыг өгч, авч чаддаг хүн" гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл ойрын өдрүүдэд Б.Чойжилсүрэн сайдыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх гэж байгаа гэх мэдээлэл гарч эхэллээ. Тэгэхээр түүнд өгсөн 30 хоног зүгээр л шалтаг байсан гэдгийг тэрбээр ч ойлгож ажлаа хүлээлгэн өгөх нь. Б.Чойжилсүрэн 2008, 2012, 2016, 2020, 2024 онд УИХ-д таван удаа дараалан сонгогдсон бөгөөд Сангийн сайдаар нэг удаа ажилласан бол Эрчим Хүчний Сайдаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй юм.
Мөн багш нарын цалинтай холбоотойгоор П.Наранбаярт хариуцлага тооцох асуудал удахгүй сөхөгдөнө. Үүнийг тойрсон улс төрч эхэлж, Л.Энх-Амгалан гишүүнээс эхлээд амь ороод буй билээ.
ВИДЕО:
-АН-ЫН БҮЛГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАА ХАВРЫН ЧУУЛГАНААР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭГДЭЭД БАЙНА-
Энэ мэт хаврын улс төр буцалсан, ширүүн үйл явдлаар эхэлж болзошгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд сайд нартаа хариуцлага тооцож хэсэг хугацаанд гал унтраахгүй бол өөрөө тонгорч мэдэхээр нөхцөл байдалтай байгаа. Тэрбээр намрын чуулганы өмнө дэд сайд нарыг томилж нийгмийн зүгээс нэлээн шүүмжлэл хүртсэн.
Өнгөрсөн хугацаанд шатахуун, одоо цахилгааны дутагдал нь олон нийтийн бухимдлыг дагуулж юу, юугүй тэсрэхэд хүргээд буй. Тиймээс түүнд сайд нартаа хариуцлага тооцохоос өөр сонголт үлдээгүй.
Үүнтэй холбоотойгоор О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгээс Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зуруулаад эхэлсэн байгаа. Тэд энэ шаардлагаа хаврын чуулганаар үргэжлүүлнэ гэж хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн тус бүлгийн гишүүн Б.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тэгэхээр нийгмийн ч, сөрөг хүчний ч шахалтаар Ерөнхий сайд эл асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй бөгөөд эсвэл өөрөө явах гэдэг сонголт түүнд үлдэх юм.