ХОХИРОГЧ: Ажилчдаа аялуулахаар “Хаан аялал”-д хандаад 24 сая төгрөгөө залилуулж, хохирлоо нэхэмжилтэл "сэтгэцийн өвчтэй" гэх эмчийн бичгээр хэргээс мултардаг

ХОХИРОГЧ: Ажилчдаа аялуулахаар “Хаан аялал”-д хандаад 24 сая төгрөгөө залилуулж, хохирлоо нэхэмжилтэл "сэтгэцийн өвчтэй" гэх эмчийн бичгээр хэргээс мултардаг

Шанхай хотод болох олон улсын бүжгийн тэмцээнд оролцох 92 хүүхдийн 300 гаруй сая төгрөгийг “Хаан аялал” гэх компани залилсан талаар бид өнгөрсөн сарын 30-нд мэдээлсэн. Улмаар тус компанийн гурван ажилтанд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус мэдээллийг нийтэлснээс хойш манай редакцид уг компанид залилуулсан хохирогч иргэд хандсаар байна. Тэдний нэг болох 20 гаруй сая төгрөгөө залилуулсан хохирогч иргэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

“БИД ТУХАЙН ЛУЙВАР ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧ БАЙСАН”

– Танай байгууллага энэ компанийн талаарх мэдээллийг хаанаас авч, хэдэн төгрөгөөр хохирсон бэ? Цагдаагийн байгууллагад хандаад хэр хугацаа өнгөрсөн бол?

– Манай байгууллага 2025 оны 11 дүгээр сарын дунд үеэс ажилчдаа амраах, урамшуулах зорилгоор гадаад улсуудад аялал зохион байгуулдаг компаниудыг судалж эхэлсэн. Судалгааны явцад фэйсбүүк орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан “Хаан аялал” нэртэй пэйжтэй холбогдсон. Бид Бали арал руу найман хүний аялал сонирхож байсан. Ингээд аяллын өдөр таарч байсан учир захиалахаар тохиролцсон. Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 24-нд гэрээ байгуулж, нийт төлбөрийн 50 хувь болох 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Аялал 12 дугаар сард багтаан эхлэх ёстой байсан ч өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй сая төгрөгийн хохирол учраад, сар гаруйн хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

– Аяллын бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тухайн компаниас хангалттай авч чадсан уу?

– Эхний үед “ямар ч асуудалгүй, аялал хэвийн явагдана” гэсэн ерөнхий тайлбарууд өгч байсан. Гэвч бид буудлын нэр, байршил, нислэгийн хуваарь, аяллын нарийвчилсан хөтөлбөр зэрэг тодорхой мэдээллийг асуух бүрд яг таг, ойлгомжтой хариу өгдөггүй байсан. “Явахын өмнөхөн бүх мэдээлэл бэлэн болно”, “2–3 хоногийн өмнө илгээнэ” гэх мэтээр хугацаа хойшлуулсан хариу л өгдөг байлаа.
Энэ байдал бидэнд тухайн компанийн үйл ажиллагаа туршлагагүй, эсвэл найдваргүй байж болзошгүй гэсэн эргэлзээ төрүүлж эхэлсэн ч “ямар ч асуудалгүй явна” гэх тайвшруулах хариунд итгэсээр байсан.

– Гэсэн ч үлдсэн төлбөрөө шилжүүлсэн шалтгаан юу байсан бэ?

– Аялалд явахын өмнөхөн “WeChat” групп нээж, бидэнтэй хамт явах бусад хүмүүсийг нэгтгэсэн. Үүнийг хараад “үнэхээр аялал болох юм байна” гэж итгэж, үлдэгдэл төлбөр болох 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Манай байгууллага өмнө нь олон жил ажилчдаа явуулдаг байсан. Залилан гэж тухайн үед бодоогүй.

– Та бүхэн луйвар гэдгийг аялалдаа явах байсан буюу товлосон өдрөө мэдсэн гэж ойлгож болох уу?

– Аялал эхлэх өдөр ойртох тусам тухайн компанийн утас холбогдохоо больж, бусад аялагчдаас ч “утсаа авахгүй байна” гэсэн мэдээлэл ирж эхэлсэн. Аялалдаа гарах өдөр “16 цаг болоход бүх зүйл шийдэгдэнэ” гэж тайвшруулж байсан ч товлосон цаг болоход бүрэн алга болсон. Ингээд бид шууд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн бид тухайн луйвар хийсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн энэ хүмүүсийг хорих шаардага тавьсан ч цагдаа нар тавиад явуулчихсан юм.

– Сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдсан хэвээр байна уу?

– Судалж үзэхэд энэ компанитай холбоотой маш олон хохирогч байсан нь илэрсэн. Бид БГД-ийн I хэлтэст гомдол гаргасан. Гэвч сар гаруйн хугацаа өнгөрсөн ч одоогоор тодорхой шийдэл, ахиц алга. Харин ч эсрэгээрээ тус компанийн хүмүүс “олон нийтэд мэдээлбэл та нар өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ” гэх зэргээр дарамт үзүүлсэн. Цаашлаад цагдаагийн байгууллагын зарим алба хаагч тус этгээдүүдийг өмгөөлж байгаа мэт ойлголт төрсөн. “Мөнгийг чинь өгнө” гэх зэргээр хамгаалсаар байгаад бид бухимдалтай байна. Эдгээр хохирол учруулсан хүмүүс ч “өнөөдөр шилжүүлнэ, маргааш шилжүүлнэ” гэсээр сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэхдээ нэг л өдөр бүх мэдээллээ устгаад алга болоход бид хохирлоо барагдуулж чадахгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй.

"СҮҮЛД ШАЛГАХАД ТУХАЙН КОМПАНИЙН НЭР ДЭЭРХ ААН АЛЬ ХЭДИЙН ХААГДСАН БАЙСАН"

– Анхны уулзалт, гэрээ байгуулалтын үеэр ямар хүмүүс байсан бэ? Та бүхэн биеэр уулзаж байсан уу?

– Анх гэрээ байгуулахад өөрөө ирж хийхгүй, “дүүгээ явуулна” гээд өөр хүн ирсэн. Гэрээнд компанийн нэр бичигдсэн ч төлбөрийг хувь хүний данс руу шилжүүлэхийг шаардсан. Дараа нь шалгахад тухайн компанийн нэр дээрх ААН аль хэдийн хаагдсан байсан.

– Тус компани хуульч мэргэжилтэй бөгөөд хуулийн цоорхой ашиглаж мултардаг гэх мэдээлэл иргэд өгч байна. Та энэ асуудалд юу хэлэх вэ?

– Судлах явцад ил болсон. Уг хэрэгт холбогдсон хүмүүс нь өөрсдөө хуульч, гэр бүлийнхэн нь ч өмгөөлөгч мэргэжилтэй. Өмнө нь “сэтгэцийн өвчтэй” гэх бичгээр хариуцлагаас мултарч байсан баримтууд ч гарч ирсэн. Энэ бол ганц хүний бус, бүлэглэсэн залилан гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

– “Хаан аялал” зөвхөн аяллаар бус виз, бусад үйлчилгээ нэрээр мөнгө авдаг гэх мэдээлэл бий.

– Тийм. “Хаан аялал” нэртэй өөр аккаунтууд виз гаргана гэх мэт олон төрлийн зар явуулж байсан. Би өөрөө ч шалгаж, утсаар холбогдож үзсэн. Байршлаа байнга сольж хэлдэг, шууд тасалдаг нь сэжигтэй санагдсан.

"ТУС КОМПАНИ ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСАНДАА ОДОО Ч МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСААР БАЙНА"

– Олны танил хүмүүс рекламдсан нь итгэл төрүүлсэн гэж иргэд ярьж байна. Танайд ийм нөлөө байсан уу?

– Байсан. Олны танил жүжигчин энэ компанийг сурталчилж байсан. Түүнтэй холбогдоход ч тухайн компанийг өмгөөлж, “маргааш мөнгө орно” гэх мэтээр удаа дараа хамгаалж байсан. Бид хэн гэдгийг нь мэдэж байгаа ч одоогоор хууль, шүүхийн шатанд шилжсэн учраас нэр дурдмааргүй байна.

– Эцэст нь иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор юу хэлэх вэ?

– Цахим залилан зөвхөн аяллаар хязгаарлагдахгүй. Ялангуяа аяллын салбарт үйлчлүүлэхдээ албан ёсны бүртгэлтэй, олон жилийн туршлагатай, компанийн данстай байгууллагыг сонгох хэрэгтэй. Хэт хямд үнэ, тодорхой бус мэдээлэл бол эрсдэлийн дохио гэдгийг ойлголоо. Тус компани өөрийн цахим хуудсандаа одоо ч мэдээлэл оруулсаар байна. Дахиад ч иргэд хохирох эрсдэл бий. Гэтэл цагдаагийн байгууллага шууд устгуулах эрх зүйн орчин байхгүй гэж тайлбарлаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.