Монголын Волейболын Холбооны урилгаар БНСУ-ын алдарт волейболын тамирчид болох Ким Ён Гён, Пю Син Жү нар Монгол Улсад хоёрдугаар сарын 2-4-ний өдрийн хооронд зочилж ирсэн юм. Тэд дээд лигийн плей-офф, хүрэл медалийн болон финалын тоглолтуудыг үзэж, сонирхсон байна.
Ким Ён Гён нь Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд шигшээ багаа удирдан амжилттай оролцохын зэрэгцээ карьерынхаа хугацаанд Солонгос, Япон, Турк, Хятадын лигүүдэд тоглож, ур чадвараа баталсан дэлхийн хэмжээний тамирчин билээ. Мөн 2012 оны Лондонгийн Олимпын наадмын MVP-ээр шалгарсан, Олон улсын тэмцээнүүдийн онооны лидер юм. Монголын волейбол сонирхогчдын зүгээс түүний Монголд зочилсон үйл явдлыг волейболын хөгжил, Монгол, Солонгос улсуудын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж байна. Түүнчлэн Өмнөд Солонгосын волейболын V-League-ийн “Red Sparks” багт тоглож буй Ж.Энхсоёлын нөлөөгөөр манай улсаас дараагийн легионор тамирчдыг хайж ирсэн байж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
М.Дэлэг