Алжирын боксчин, 2024 оны олимпийн алтан медальт Имане Хелиф биологийн хувьд эрэгтэй хүнд байдаг Y хромосом дээр байрладаг SRY гентэй гэдгээ хүлээн зөвшөөрч, олимпийн өмнө тестостероны түвшинг бууруулах дааврын эмчилгээ хийлгэж байгаагаа Францын спортын "L’Equipe" хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн нь олон улсын спортын маргааныг дахин өдөөжээ.
И.Хелиф өөрийгөө трансжендер гэдгийг үгүйсгэж, ялгаатай генетик болон дааврын түвшин нь төрөлхийн шинжтэй гэдгийг онцолсон байна. Тэрээр эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохын тулд дааврын эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2028 оны Лос Анжелесийн олимпод оролцохын тулд шаардлагатай тохиолдолд генетикийн бэлгийн шинжилгээнд хамрагдахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа эмэгтэйчүүдийн спортын шударга байдлыг хамгаалдаг байгууллагууд хурц хариу үзүүлсэн эхэлсэн байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн спортын бие даасан зөвлөлөөс И.Хелифийг эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх нь зохисгүй гэж үзэн, биологийн хүйсэд суурилсан шалгуур зайлшгүй хэрэгтэй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
Олон улсын боксын холбоо өмнө нь И.Хелифийг хүйсийн шалгуур хангаагүй гэсэн үндэслэлээр хасаж байсан бол Олон улсын олимпийн хороо түүнийг болон ижил нөхцөлд байсан тамирчдыг “дур зоргоороо гаргасан шийдвэрийн хохирогч” гэж үзэн Парисын наадмын үр дүнг хамгаалсан юм.
Үүний зэрэгцээ World Boxing холбоо эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх бүх тамирчдад заавал хүйсийн шинжилгээ хийх шинэ бодлого зарласан бөгөөд И.Хелиф уг бодлогын дагуу гаргасан шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан байна. Харин АНУ-ын спортын байгууллагууд болон улс төрийн хүрээнд ч энэ асуудал анхаарал татаж байгаа бөгөөд Д.Трамп 2028 оны олимпод "хатуу генетикийн шалгалт" хэрэгжинэ гэж өмнө нь мэдэгдэж байсан. Имане Хелифийн асуудал нь орчин үеийн спортод биологийн хүйс, генетик ялгаа болон эмэгтэйчүүдийн спортын шударга өрсөлдөөнийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэсэн асуултыг дахин хурцаар тавих болжээ.
Эх сурвалж: Fox news