Японы Фүжиёшида хотын захиргаа жуулчдын хэт их урсгалаас үүдэн 10 жил тэмдэглэсэн сакурагийн баяраа цуцалжээ

Японы Фүжиёшида хотын захиргаа жуулчдын хэт их урсгалаас үүдэн 10 жил тэмдэглэсэн сакурагийн баяраа цуцалжээ

Японы Фүжи уулын ойролцоох Фүжиёшида хотын захиргаа жуулчдын хэт их урсгалаас үүдэн 10 жил тэмдэглэсэн сакурагийн баяраа цуцалжээ. Энэхүү баяр нь жуулчдад интоорын мод цэцэглэх гайхамшигт үзэгдлийг сонирхонгоо Фүжи уулыг харах ховорхон боломжийг олгодог байв.

Фүжиёшида хотын захиргаанаас тус баярыг бүс нутгийг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлж “амьд, идэвхтэй уур амьсгал” бүрдүүлэх зорилгоор эхлүүлж байв. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд сакурагийн баярт оролцохоор Япон улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж, оргил үедээ 10 мянга хүрдэг аж.  Харин энэ баярыг зогсоох болсон шалтгаан нь жуулчдын тоо өссөнөөс шалтгаалсан замын түгжрэл, хог хаягдал болон зарим жуулчин хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтрэх, бие засах зэргээр нутгийн иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаатай холбоотой аж.

Хотын захиргаанаас жуулчдын тоо ихсэх болсон шалтгааныг иений ханшийн уналт болон цэцэрлэгт хүрээлэнгийн зураг авах цэгүүд дээр зургаа даруулж сошиал сүлжээнд тавих сонирхолтой холбон тайлбарлажээ. Мөн хэдийгээр баяр цуцлагдсан ч дөрөв, тавдугаар сард жуулчдын урсгал үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна. Энэ талаар холбогдох зохицуулалтыг хийж байгаа талаар хотын удирдлагууд мэдэгджээ.  

М.Дэлэг

Эх сурвалж: BBC