Мөргөлдөөн гарах эрсдэл үргэлжилж байгаа тул АНУ, Ираны төлөөлөгчид уулзахаар болжээ

Мөргөлдөөн гарах эрсдэл үргэлжилж байгаа тул АНУ, Ираны төлөөлөгчид уулзахаар болжээ

АНУ болон Ираны хооронд цэргийн шууд мөргөлдөөн гарах хурцадмал нөхцөл үргэлжилж буй энэ үед хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчид Оманы нийслэлд шууд хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.

Энэхүү уулзалт нь өнгөрсөн сард Иранд өрнөсөн засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй жагсаалыг хүч хэрэглэн дарсны дараа АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлсэнтэй давхцаж байгаа юм. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр уг жагсаалын үеэр олон мянган хүн амиа алдаж, арван мянга гаруй хүн баривчлагдсан гэж байгаа. 

Хэлэлцээний байршил, хамрах хүрээ тодорхойгүй байснаас болж уулзалт цуцлагдах эрсдэл үүсээд байсан ч бүс нутгийн зуучлагч орнуудын дипломат оролцооны үр дүнд талууд уулзахаар тохиролцжээ. 

АНУ Иранаас цөмийн хөтөлбөрөө царцаах, өндөр баяжуулсан ураны нөөцөөсөө татгалзахыг шаардахын зэрэгцээ баллистик пуужингийн хөтөлбөр, бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжих бодлого, хүний эрхийн асуудлыг хэлэлцээний салшгүй хэсэг болгох ёстой гэж мэдэгдсэн байна. Харин Иран хэлэлцээ зөвхөн цөмийн асуудлаар хязгаарлагдана гэж байр сууриа илэрхийлж, пуужингийн хөтөлбөр болон бүс нутгийн холбоотнуудын асуудлыг хэлэлцэхээс татгалзаж байгаа аж. 

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн арга хэмжээ авна гэж удаа дараа анхааруулсан. Үүний хүрээнд АНУ бүс нутагт нисэх онгоц тээгч хөлөг, байлдааны хөлгүүд, сөнөөгч онгоц бүхий томоохон цэргийн хүч илгээгээд байгаа юм. Харин Иран үүний хариуд аливаа халдлагад хүчтэй хариу арга хэмжээ авч, бүс нутаг дахь Америкийн цэргийн байгууламжууд болон Израильд цохилт өгнө гэж сүрдүүлсэн. 

Тэгвэл удахгүй болох хэлэлцээрт Ираны талыг Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ахалж байгаа бол АНУ-ыг Д.Трампын тусгай элч Стив Виткофф болон Трамдын хүргэн Жаред Кушнер төлөөлөхөөр болжээ. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард Израиль, Ираны хооронд богино хугацаанд өрнөсөн дайны дараах АНУ, Ираны анхны өндөр түвшний уулзалт болох ажээ. 

Эх сурвалж: BBC