Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажил гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн дуусахаар байгааг Монголын Мянганы Сорилтын Сан мэдээллээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 112 мянган метр куб усыг ундны ус болгон цэвэршүүлэх юм. Үүнээс гадна тус төслийн хүрээнд Био комбинат, Шувуун фабрикт нийт 30 гүний худаг гаргах, 55 км шугам хоолой татах ажил одоогоор 98 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгааг мэдээлэв.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод жилдээ нийт 110 сая метр куб ус авах бололцоотой ундны усны долоон эх үүсвэр байдаг. Эдгээр эх үүсвэрээс Ус сувгийн удирдах газар жилд нийт 55 сая метр куб орчим ундны усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байна. Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх компакт төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийслэл хотын урт хугацааны ус хангамжийг 80 орчим хувиар нэмэгдүүлэх зорилттой аж. 2021 оны гуравдугаар сарын 31-нээс хойших таван жилийн хугацаанд хэрэгжиж буй энэхүү компакт төслийн явцад үерийн гамшигт үзэгдлээс гадна цар тахал, геополитикийн нөхцөл байдал гол сорилт болж байсныг Мянганы Сорилтын Сангийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх онцолж байлаа гэж bloombergtv.mn мэдээлжээ.