Өчигдөр /2026.02.03/ Орон нутгийн албаныхан болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй номлогчийг Оросын эрх баригчид саатуулсан байна. Энэ нь Орост шашны үйл ажиллагаа явуулж байсан Солонгосын иргэдийг саатуулсан ээлжит хэрэг болж байгаа аж.
Орос дахь Солонгосын нийгэмлэгийн эх сурвалжуудын мэдээлснээр, "БНСУ-ын Пак овогтой номлогчийг өнгөрсөн сарын сүүлээр Хабаровск хотод шашны үйл ажиллагаа эрхэлж байх үед нь орон нутгийн удирдлагууд баривчилж, саатуулжээ. Мөн түүний ажиллуулж байсан шашны байгууламжийг хаасан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Харин БНСУ-ын Элчин сайдын яам болон Владивосток дахь Ерөнхий консулын газар Пакийн саатуулагдсан нөхцөл байдал, биеийн байдал болон хэргийн дэлгэрэнгүйг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
Сөүлийн Гадаад хэргийн яамны албан тушаалтны хэлснээр, уг хэргийн талаар мэдээлэл авсны дараа Хабаровск руу консул илгээж, Пактай уулзан түүний эрүүл мэндийн байдлыг баталгаажуулсан байна. БНСУ-ын Консулын албаныхан хэлэхдээ, Өмнөд Солонгосын эрх баригчид Оросын талд Пакийн эрхийг хүндэтгэж, хүнлэг харьцах, шударга, шуурхай мөрдөн байцаалт явуулах, консулын тогтмол үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхийг хүссэн бөгөөд түүний Өмнөд Солонгос дахь гэр бүлд шаардлагатай дэмжлэг үзүүлж эхэлсэн" гэжээ. Өмнө нь, 2024 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын өөр нэгэн номлогчийг Владивосток хотод тагнуул хийсэн хэргээр баривчилсан бөгөөд одоог хүртэл шүүх хуралд оролцуулахгүйгээр Орост цагдан хорьсоор байгаа ажээ.